Боловсролын ерөнхий газрынхан “Импакт тек” компанитай хамтран “After school” платформ нэвтрүүлэхээр болжээ. Уг платформоор дамжуулан сурагчдыг хичээлээс гадуурх нэмэлт сургалт, дугуйланд хамруулж, хөгжлийн тэгш боломж олгох аж. Энэ сард баталсан Боловсролын багц хуульд сургуулиуд хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, соёл урлаг, спортын арга хэмжээг эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулахаар тусгажээ. Үүний дагуу хувийн хэвшлийн компанитай хамтран ажиллахаар болсноо Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Суралцагчийг хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшлийг нь дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход туслах нь дээрх цахим шийдлийн гол зорилго гэнэ.