Манай улсын эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж, дулаан, цахилгаан станцуудынх нь насжилт өндөрсөн, тоног төхөөрөмжийнх нь элэгдэл хорогдол нэмэгдсээр гал алдахдаа хүрснийг яриад цөөнгүй жил өнгөрлөө. Үүнийг ч батлан өвөл, зунгүй эрчим хүчний тасалдал үүсэн, хэрэглэгчид зутрах болов. Эрчим хүчний салбарынхан нөхцөл байдлаа үнэлэхдээ үндсэн хоёр бэрхшээл бийг илэрхийллээ. Юуны түрүүнд эрчим хүчний тарифт төдийлөн өөрчлөлт оруулахгүй, төрөөс үнэ барьж буй явдал гэнэ. Гэтэл зардал нь зах зээлийн зарчмаар өдөр ирэх бүр өссөөр өдгөө нэг нэгж цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд 60 орчим төгрөгийн алдагдал хүлээж буй аж. Үүнийг зохицуулах үндсэн арга нь тарифт өөрчлөлт оруулж, үнэ ханшийг индексжүүлэн нэмэх гэдгийг Эрчим хүчний яамнаас дурдлаа.
...Айл өрхөд борлуулах нэг кВт цахилгааны үнийг 30 орчим хувиар буюу 30 төгрөгөөр нэмлээ гэж бодъё. Энэ тохиолдолд сард 30 000 төгрөг төлдөг айлд 9000 нэмэгдэн, 39 000-д хүрнэ. Ер нь иргэд цахилгааны төлбөрт бага мөнгө төлдөг бөгөөд энэ нь гар утас, кабелийн телевиз, интернэтийнхээс харьцангуй хямд байгааг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд дурдсан...
Тодруулбал, тус яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нэгэн мэргэжилтэн “Цахилгаан үйлдвэрлэх зардал нь уурхайгаас нүүрс олборлох, тээвэрлэх, түлш болгон ашиглахаас бүтээгдэхүүн нийлүүлэх хүртэлх бүх дамжлагаас бүрддэг. Гэтэл нүүрсний үнэ хямд байгаагаас уурхай алдагдал хүлээн, улмаар салбарын алдагдал өсөхөд нөлөөлсөн хэрэг. Тиймээс нүүрсний болон эрчим хүчний тарифыг үе шаттайгаар, тасралтгүй нэмж байж алдагдал буурна. Алдагдал буурахын хэрээр нийлүүлэлтийн доголдол арилна гэж ойлгож болно. Эхний ээлжид үнэ тарифаа өсгөн, зардлаа нөхөхүйц түвшинд буюу зах зээлийн жишигт нийцүүлж, кВт тутамд нь багадаа 30 төгрөгөөр нэмэх хэрэгтэй” гэв.
Улсын хэмжээнд эрчим хүч үйлдвэрлэдэг 27 эх үүсвэр бийгээс 10 нь тасралтгүй, тогтвортой ажилладаг. Энэхүү 10 эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 1260 МВт орчим бөгөөд дунджаар 1000 МВт цахилгаан тогтмол нийлүүлж буй аж. Гэтэл өнгөрсөн өвлийн ачаалал өмнөх жилийн мөн үеийнхтэй нь харьцуулахад тав орчим хувиар өсжээ. Улмаар нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 1474 МВт-ыг“зааж”, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ үед ОХУ-аас хос шугамаар цахилгаан импортолж, дамжуулах сүлжээний ачааллыг мөн л хамгийн өндөр түвшинд хүргэн, ямар ч нөөц үүсгүүргүйгээр ажиллажээ. Хэрэв ирэх өвөл хэрэглээ дахин өсөж, суурилагдсан хүчин чадлаас давбал мөн л эрсдэл үүсэх аж. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос “Ирэх өвлийн оргил ачаалал 1500 МВт-аас давж, үйлдвэрлэж буй хэмжээнээс хэрэглээ нь 50 хувиар хэтрэх магадлалтай. Цахилгааны дутагдлыг импортоор орлуулах ч бүрэн хүчин чадлаараа, аваарын горимоор ажиллана. Тиймээс дотоодын нийлүүлэлт доголдох, доголдсон тохиолдолд авах арга хэмжээ хомс болно. Хэтрүүлж хэлбэл, Монгол Улс цахилгаан, дулаантай байх, эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл дахин үүсэх эрсдэлтэй” хэмээн анхаарууллаа. Тиймээс дээр дурдсанаар юуны түрүүнд тарифыг нэмж, нэмэгдэл санхүүжилтээр нь тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдлыг хангах, дамжуулах сүлжээний хүчин чадлыг өсгөх зэрэг арга хэмжээ авах боломжтой юм байна. Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхэд айл өрх, хэрэглэгчдэд санхүүгийн дарамт төдийлөн үүсэхгүй гэнэ. Тодруулбал, өдгөө нэг кВт цахилгааныг айлуудад өдөр, шөнийн тариф, тоолуурын төрлөөс шалтгаалж 89-140 төгрөгөөр борлуулж буй аж. Энэ нь дунджаар айл өрхүүд 110 төгрөгөөр худалдан авч байгаа хэрэг бөгөөд бодит өртгөөс бараг 60 хувиар бага дүн аж. Айл өрхөд борлуулах нэг кВт цахилгааны үнийг 30 хувиар буюу 30 төгрөгөөр нэмлээ гэж бодъё. Энэ тохиолдолд сард 30 000 төгрөг төлдөг айлынх 9000-аар нэмэгдэн, 39 000-д хүрнэ. Ер нь иргэд цахилгааны төлбөрт бага мөнгө төлдөг бөгөөд энэ нь гар утас, кабелийн телевиз, интернэтийнхээс харьцангуй хямд байгааг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд дурдсан.
Монгол Улс нар, салхины арвин нөөцтэй, мөн усан цахилгаан станц барих боломжтойд тооцогддог. Одоогоор манай төвийн эрчим хүчний системд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний есөн эх үүсвэр бий. Үүнээс зургаа нь нарных бол гурав нь салхиных. Нийт суурилагдсан хүчин чадал 286 орчим МВт аж. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсанаас хойш 47 орчим тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчдад олгосон ч өдгөө дээр дурдсан есөөс гадна найман төсөл л хэрэгжүүлж буй аж. Эдгээр найман төслийн суурилагдсан хүчин чадал нь 495 орчим МВт. Гэвч эрчим хүчээ нөөцлөх техникийн боломж тааруу, мөн өндөр өртөгтэйгөөс төвийн сүлжээнд холбож чадахгүй байгаа аж. Тухайлбал, салхин цахилгаан станцуудын бүтээгдэхүүнийг 9.5-9.6, нарныхыг нь 15-19 центээр худалдан авах гэрээ байгуулсан нь бэрхшээл дагуулж байгаа гэсэн. Тиймээс том чадлын нөөцлүүр бүхий нар, салхины эрчим хүчний парк байгуулах, хямд үнэтэй нөөцлүүр бий болгох хэрэгтэй гэсэн үг. Мөн усаа нөөцөлж, усан сан үүсгэн, цахилгаан гаргаж авахад анхаарвал зохих юм. Улс орнуудад одоогоор эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 гаруй хувийг сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлж хэвшсэн бол манайд дунджаар 8-10 хувьтай байна.
Эрчим хүчний доголдол дамжуулах шугамны ачаалал өссөнөөс шалтаалж буй аж. Энэ нь хотын төвийн хэрэглэгч улам олширч, нэмж дэд бүтэц бий болгох боломжийг хаажээ. Улаанбаатарын төв цэгээс хааш хаашаа 10 км дотор нэмж орон сууц, аж ахуйн нэгж барихгүй байх хэрэгтэйг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх дурдсан. Тэрбээр “Эрчим хүчний ачаалал нэг цэгээс олон хэрэглэгч салаалж, цахилгаан зарцуулж буйтай холбоотой. Цаашид хотын төвд хэрэглэгч нэмээд байвал огт үр дүн гарахгүй. Тиймээс хотын зах руу шинэ станц төлөвлөөд байгаа юм. Хотыг тэлэх, тэлсэн байршилд нь шинэ эх үүсвэр байгуулах зарчмаар хэрэглээгээ хуваарилна гэсэн үг” хэмээв. Түүнчлэн эрчим хүчний нийт хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангах зорилтыг Засгийн газар, салбарын яамнаас тавьж буй аж. Үүний тулд өдгөө 5-6 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2035 он гэхэд хатуу түлшээр цахилгааны хэрэглээгээ бүрэн хангахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс хэрэглээнийхээ 20 хувийг нийлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, ДЦС-уудын чадлыг өргөтгөх, шинэ эх үүсвэр барих, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж улсын нэгдсэн сүлжээ үүсгэх нь. Мөн дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэн, манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг хоёр, цахилгаан дамжуулах шугам сүлжээний чадлыг мөн хоёр дахин өсгөхөөр тооцжээ. Үүнд нийт 15 орчим их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна. Үүнээс гадна эрчим хүчний салбарт улсын хувийн гэлтгүй бүх аж ахуйн нэгж, уурхайд ажиллах хүчний хомсдол үүсжээ. 2022 онд цалин хангамж муутайгаас зөвхөн “ДЦС-4”-өөс 300 гаруй хүн ажлаасаа гарсан бол, Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайгаас нийт 200 ажилчин ажлаас гарсан аж. Тэгэхээр хүний нөөцийн асуудал ч эл салбарт тулгамдсан гэсэн үг.
Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг дээрх байдлаар товчилж болно. Гэхдээ энэ нь шинэ зүйл биш бөгөөд, салбарын яам, холбогдох байгууллагаас нь тарифаа нэмж чадахгүй, сэргээгдэх эрчих хүчний технологийн зардал өндөр, хүний нөөцийн хомсдолтой, нүүрсний уурхайгаас эхлүүлэн, УБЦТС компани хүртэл хэрсэн салбарын хур өр 2022 оны байдлаар 1.6 их наяд төгрөгөөс давснаа дурдсаар байгаа юм. Мэдээж салбараа шинэчлэх, аюулгүй, найдвартай ажиллагаагаа хангах зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, (тухайлбал, “ДЦС-5”, Эгийн голын усан цахилгаан станц барина) тэдэн төгрөгөөр санхүүжүүлнэ хэмээн мэдээлдэг. Гэсэн ч ахиц алга. Өмнө нь өвлийн улиралд оргил ачааллын үед цахилгаан тасарч, доголдол үүсдэг байсан бол энэ жил байгаль, цаг уурын нөхцөл ч нөлөөлөв үү, хавар, зун ч энд тэнд, цахилгаан тасарч бүр гурван өдөр саатсан тохиолдол гарч, эрчим хүч тасрах нь ердийн үзэгдэл болжээ. Тиймээс төр, засгаас улс орны хөгжлийг тодорхойлогч, тэргүүлэгч салбар болох эрчим хүчиндээ өөрсдөөсөө хөрөнгө оруулах, санхүүжилтээ өсгөх, үнэ ханшийг чөлөөлөх, өмч хувьчлал явуулах зэргээр өөд татах хэрэгтэй байна.