Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн амьдрал, сүмогийн ертөнц дэх ялалт, ялагдлын талаар өгүүлсэн “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлт “Интерном” их дэлгүүрийн хоёрдугаар давхарт өчигдөр боллоо. Номын хурим сайхан болсон. Хүн олон, хэтрүүлж хэлбэл, хөл гишгэх зайгүй байв. Уншигчдын зэрэгцээ нэрт сүмочийн шүтэн бишрэгчид олноор ирсэн нь илт байсан юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон номын орчуулагч, сэтгүүлч, яруу найрагч Х.Эрдэнэцэцэг нар үйл явдлын гол дүр байсан ч сүүлдээ очсон хүмүүс “гол дүр” мэт болтлоо чихцэлдэн шахцалдав аа.
Энэ үеэр номыг худалдаанд гаргаж буйг зарласны сацуу хэдэн хүнд бэлэглэнэ гэв. Гэтэл тэр сургаар үнэгүй юманд нугасгүйн үлгэр амилах шиг, хүмүүс оволзож гардаг юм байна. Хөтлөгч“Хүмүүс ээ, нэг талаасаа ар араасаа зогсчих” гээд ч нэмэр болсонгүй. “Ёкозүнаг гарын үсэг зурах боломжоор хангаад өгөөрэй” гэсэн чтарж, холдохгүй дайрав. Гадаа ч, байшинд чхалуун байсан болохоор тэр биз ээ, номд гарын үсэг зуруулаад, ноцолдоон дундаас гарч ирэгсдийн хөлс урсаж байлаа.
Чихцэлдэж буй нөхдийг харсан шигээ гараа энгэртээ эвхэн, бужигнаан намжихыг хүлээх мэт зогсох хүмүүс ч байсан. Мөн ном худалдаж авахаар дугаарласан хэд ч байв. Ийм гурван “ангилал”-ын зочид бүхий номын хурим болсон юм.
Орчуулагч Х.Эрдэнэцэцэг өмнөх өдөр нь олон нийтийг урихдаа “Чин үнэнээрээ байх тэр мөч гэдэг хүчтэй байхаас илүү өөртэйгөө ярих чин шударга үнэн байдаг. “Хэрэв тэгсэн бол”, “Тэр үед тийм байсан мөртлөө” гэх зэргээр илүү, дутуу юм бодохгүйгээр, товчоор хэлэхэд өнгөрсөн бүгдийг ор мөргүй орхи. Тэгээд “Хойшид яах вэ. Үүнээс хойш ирээдүйнхээ төлөө юу хийх вэ” гэж бодох нь зөв. Чингэж бодохгүй бол цаашдаа урагшилж чадахгүй. Эхний алхмаа тавьсан бол аяндаа бага багаар урагшлах тул бүгдийг аажуу тайван, буурь суурьтай хийж, өөртэйгөө ярилцаж үзээсэй гэж би хүсэж байна” хэмээн номд гардаг тухай бичсэн байсан юм.
Ангалын ёроолд унатлаа доройтсон ч өөрийгөө татаж гарган, алдар хүндийн оргилд хүрч чадсан хүчтэний зөвлөгөөг уншъя, хүүхдүүддээ, ялангуяа хөвгүүддээ уншуулъя гэх нь зөв биз ээ. Гэсэн ч замбараатай дугаарлан зогсоод авчихаж болмоор. Хөлсөө урстал хүч үзэн байж хүрэх нь “амттай” байдаг юм уу. Эс бөгөөс үнэгүй авбал дээдийн заяа гэж боддог. Үнэгүй гэчихвэл улайран дайрдаг нь түрийвч нимгэнийх үү, сэтгэл хоосных уу.