Химийн олон улсын 55 дугаар олимпиад энэ сарын 16- 25-нд Швейцарын Цюрих хотноо боллоо. Монгол Улсын баг тус олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, “Орчлон” сургуулийн сурагч А.Амартүвшин, Б.Номин-Ундрах нар хүрэл медалийн эзэн болов. Мөн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай байрт шалгарлаа. Энэ удаагийн олимпиадад 87 улсын 348 сурагч, 272 дасгалжуулагч, ажиглагч багш нар оролцжээ. Түүнчлэн энэ олимпиадын нээлтийн ёслолын үеэр улс бүрийн ахуй соёлын онцлогийг график зургаар үзүүлж, шалгарч ирсэн багийн сурагчдыг танилцуулснаараа өмнөх олимпиадуудаас онцлог болсон аж.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жил БНХАУ-ын Тянжинь хотод болсон химийн олон улсын 54 дүгээр олимпиадад манай улсаас дөрвөн сурагч оролцож, бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу тус бүр хоёр мөнгө, хүрэл медаль авч байв. Мөн Японы Хигашиосака хотноо 2021 онд зохион байгуулсан олимпиадад “Орчлон” сургуулийн сурагч О.Тэмүжин мөнгөн медалийн эзэн болсон билээ.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх