Чингэлтэй дүүргийн иргэн М.Цэцэгдэлгэр “Барс” захаас улаан лооль, салатны навч худалдаж авсан. Ногоогоо угаахад цагаан хөөстэй ус гарч, хлораминтэй төстэй хурц үнэртэй бодис ханхалсан. Улаан лоольд нь түүний гэх ямар ч амт байгаагүй. Ер нь худалдан авч, идэж буй хүнсний ногоо амт чанар, сорт, мөн таримал ургамалд хэрэглэвэл зохих хэмжээнээс илүүтэй химийн бодис хэрэглэсэн, эсэхийг бид яаж мэдэх билээ. Үүнийг баталгаажуулдаг байгууллага байна уу” гэсэн юм. Түүнчлэн Баянгол дүүргийн иргэн Ц.Ариунчимэг “Зарим дэлгүүр, худалдааны төвөөс илүү чанартай, цэвэрхэн бүтээгдэхүүн борлуулдаг гэж тооцон “Саруул” худалдааны төвөөр үйлчлүүлдэг. Гэхдээ худалдан авсан жимс ногоогоо 2-3 удаа угаахгүй л бол эхний угаалтад заавал химийн бодисын үнэр гарч, ус нь хөөсөрдөг. Мөн алим, бэрсүүт жүрж, лийр зэрэг бүтээгдэхүүний хальсыг тосолдог нь анзаарагддаг. Тийм тосорхог бүрхүүл яаж ч угаагаад арилдаггүй. Лав эрүүл мэндэд сайн биш байх” гэж ярив.
Энэ бол наад захын жишээ. Гудамжинд хүнсний ногоо бөөндөж борлуулдаг хүмүүс төмсөө шороотой хутган, мөн нарийн ногоо, байцайг уусмалаар шүршин өнгийг нь сэргээж байсан бичлэг цахим орчинд тарсан зэргээс харахад төмс, хүнсний болон нарийн ногооны чанар, ургамал хамгааллын бодисыг зүй зохистой хэрэглэсэн, ямар нэгэн бодисын үлдэгдэлгүй ногоо идэж буй, эсэхтээ эргэлзэх шалтгаан бидэнд цөөнгүй байна.
“Барс” захад өнгөрсөн бямба гарагт 11.00 цагийн үед очиход хүнсний болон нарийн ногооны тасагт хөл хөдөлгөөн их байв. Хэдийгээр и-баримт олгодоггүй ч сонголт их, үнэ хямдавтар байдгаас иргэд эл захаар үйлчлүүлэх нь элбэг. Тус захад нарийн ногоо борлуулж буй нэгнээс хаанахын бүтээгдэхүүн болох, эрүүл ахуйн шинжилгээний бичиг бий, эсэхийг асуухад “Урд, хойд хөрш, мөн дотоодод тариалсан 10 гаруй төрлийн нарийн ногоо, жимс зарж байна. Дотоодод тариалсныг нь Улаанбаатар, Улаанбаатарын ойролцоо тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд авчирчөгдөг. Шинжилгээний бичиг байхгүй. Харин импортынх нь бөөний борлуулалт эрхэлдэг компаниас авдаг. Хилээр оруулж ирэхэд нь шалгаж, шинжилгээ хийсэн гэж ойлгодог. Одоо бол хэн нэгэнд үзүүлэх бичиг баримт алга” гэсэн юм. Энэ нь мөн л ямар бодисоор, хэзээ, хэрхэн бордож ургуулсан нь тодорхойгүй бүтээгдэхүүн зарж буйн илэрхийлэл гэхэд болно.
Энэ талаар ХХААХҮЯ-наас тодрууллаа. Тус яамны Салбарын хяналтын газрын Ургамал хамгаалын хяналтын улсын байцаагч Б.Цэрэндулам “МХЕГ-ынхны чиг үүргийг манай газрынхан хэрэгжүүлж байгаа. Тиймээс хүнс, хүнсний ногооны чанар, эрүүл ахуйд хяналт тавьдаг. Иргэдийн ойлгож, өөрсдийн үнэлэмж, мэдрэмжээр мэдэрч байгаад үндэслэн Монголд тарьж ургуулж буй ногоо “хортой” гэж болохгүй. Бид хаврын тариалалтаас намрын ургац хураалт хүртэл дөрвөн удаа түүврийн хяналт хийж, ногоонд пистицид, нитрат зэргийн агууламж өндөр байна уу, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, эсэхийг шалгадаг. Лабораторийн шалгалтаар ноцтой зөрчил илэрч байгаагүй учраас борлуулж буй бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан гэж ойлгож болно. Ер нь бордоо болон ургамал хамгааллын бодис хэрэглэхгүйгээр газар тариалан эрхлэх аргагүй. Хамгийн гол нь бодисоо зохих тунгаар, тогтсон хугацаанд нь хэрэглэж, бүтээгдэхүүнээ борлуулах үед бодисын үлдэгдэлгүй байлгах ёстой. Хэрэв иргэд эргэлзэж байвал тухайн аж ахуйн нэгж, өрхийн ургуулсан бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулж болно” гэв.
Хүний эрүүл мэнд хүнсний эрүүл ахуйтай салшгүй холбоотой. Манай улсад хорт хавдарын тархалт өндөр байж хүмүүс амиа алдах тохиолдол элбэгшсэн. Үүнд цөөнгүй хүчин зүйл нөлөөтэй ч химийн бодисын найрлагатай хүнс, ногоо, жимс, жимсгэнийн хэрэглээ өссөн нь түлхүү нөлөөлдөг хэмээн зарим эмч, эрдэмтэн үздэг. Түүнчлэн манай улс дулаан хоногийн тоо цөөн, ерөнхийдөө сэрүүвтэр бүс нутаг учраас богино хугацаанд арвин ургац авах, нэгж талбайгаас авах бүтээгдэхүүний гарцыг өсгөх зорилгоор төрөл бүрийн бодис ашиглах нь түгээмэл болсныг хэлэх хүн ч олон байгаа юм. ХХААХҮЯ-ны мэргэжилтний дээр дурдсанаар түүвэр хяналт хийж, зах зээлд баталгаат бүтээгдэхүүн нийлүүлдэг гэж буй ч өрхийн зарим тариаланч өөр байр суурьтай байна. Тухайлбал,
Сонгинохайрхан дүүргийн иргэн өрхийн тариаланч, агрономич Ж.Бяцхандай “Нэр дурдаж хэлж чадахгүй ч цөөнгүй өрхийн аж ахуйтан, аж ахуйн нэгжийн тарьдаг нарийн ногоо химийн бодисын үлдэгдэл ихтэй, урд хөршөөс оруулж ирсэн түргэн ургуулагч болон удаан хадгалах зориулалттай бодис хэрэглэдэг гэж харддаг. Ер нь Хятадаас оруулж ирдэг чанарын баталгаагүй хүнсний, нарийн ногооноос дээрдэхгүй бүтээгдэхүүнийг манайхан дотооддоо ургуулаад, экологийн гаралтай, цэвэр хэмээн зараад байна. Мөн томоохон зах, худалдааны төвд нийлүүлдэг ногооны өнгийг сэргэг байлгах, удаан хугацаанд хадгалах зорилгоор бодис цацдагийн улмаас хурц үнэртэж болно. Үүнийг салбарын яам болон эрх бүхий байгууллагаас нь тогтмол шалгаж, иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Яамныхан хүрч үйлчилж чадахгүй, хүн хүч дутмаг байна уу, мэдэх юм алга. Манай гэр бүлийнхний хувьд зөвхөн өөрсдийн тарьсан бүтээгдэхүүнийг иддэг. Нөөшилж, зоорилсон маань дууссан өвөл, хаврын улиралд ногоо хэрэглэдэггүй” хэмээв.
ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын лаборатори болон Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн (УХЭШХ) таримлын чанарт хяналт тавин, шаардлагатай дээжийг лабораторид шинжилдэг. Гэхдээ УХЭШХ-гийнхэн дотоодод ургуулж буй нарийн ногоонд шинжилгээ хийж байгаагүй бөгөөд өнгөрсөн жил газар тариалангийн голбүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн зарим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнд түүвэр судалгаа хийсэн юм байна. Голдуу үр тариа, төмс, хүнсний ногоог шинжлэхэд 1000 дээжээс 20 орчим хувьд нь пестицидийн үлдэгдэл зохих хэмжээнээс өндөр байжээ. Өмнө нь ингэж олон аж ахуйн нэгжийн, багагүй хэмжээний дээжийг шинжилж байгаагүй бөгөөд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор ХХААХҮЯ-ны захиалгаар анх удаа тандалт хийсэн нь энэ гэнэ.
Тандалтыг жил бүр үргэлжлүүлэн явуулах ба “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний үеэр түлхүү ажиллахаар төлөвлөснийг дээрх хүрээлэнгийн ажилтан Г.Уянга хэллээ. Тэрбээр “Ер нь шаардлага гарсан тохиолдолд л лабораторийн шинжилгээнд бүтээгдэхүүнийг хамруулдаг. Хэрэв иргэд нарийн ногооны чанарт эргэлзэж байвал бидэнд хандаж болно. Гэхдээ урвалж бодис, багажны үнийг тооцон нэг дээж шинжлэхэд иргэн 120 000, аж ахуйн нэгж 150 000 төгрөг төлөх шаардлагатай” гэсэн юм. Мэргэжлийн хүний хувьд дотоодод ургуулж буй нарийн ногооны чанарын талаар ямар байр суурьтайг нь сонирхоход Г.Уянга “Пестицидийн үлдэгдэл бүтээгдэхүүнд 21, хөрсөнд 60 хүртэлх хоног задардаггүй. Мөн ургац хураахаас 45 хоногийн өмнө л хортон шавжийн эсрэг болон өөр ямар нэг бодис хэрэглэх ёстой. Наад захын ийм журмыг мөрдөж буй иргэн, аж ахуйн нэгж цөөн байх шиг. Тиймээс чанаж болголгүйгээр шууд хэрэглэдэг ногоо худалдан авахаас би хувьдаа болгоомжилдог” гэж ярив.
Манай улс Органик хүнсний тухай хуульбатлан, газар тариалангийн зөв зохистой дадлыг улс даяар хэвшүүлж, органик үйлдвэрлэлийн үйл явц болон органик хүнсийг хоёр жил тутамд баталгаажуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид органик гэсэн баталгаат бүтээгдэхүүнийг ялган таньж, худалдан авах боломж бүрдүүлж өгсөн. Гэтэл аль компани, хоршоо, иргэний тарьсан ногоог, ямар байгууллага органик хэмээн баталж буй тухай дорвитой мэдээлэл алга. Газар тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг цөөн аж ахуйн нэгж, иргэн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр органик тариалан эрхэлж, өөр хоорондоо хяналт тавин, органик бүтээгдэхүүн тарьж байгаа юм. Ийм бүтээгдэхүүнээ зах зээлд бусдаас арай илүү үнээр борлуулж, өөрсдийгөө таниулах гэж хичээж яваа бөгөөд төрөөс органик бүтээгдэхүүнийг нь танин баталгаажуулах, магадлан итгэмжлэх зэргээр оролцохгүй байна. Товчхондоо, эх орондоо ургуулсан, эрүүл, органик гэж буй боловч чанарын баталгаагүй гэж болох, лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нарийн болон хүнсний ногоог бид хэрэглэдэг аж. Мөн албаныхан нь таримлын чанарт эргэлзэх хэрэггүй, эсвэл эргэлзэж байвал шинжлүүл, шинжлүүлэхдээ бас төлбөртэй шүү гэцгээж байна.