Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг өчигдрөөс эхлүүллээ. Дөрөв хоног зохион байгуулах энэ хөтөлбөрт нийслэлийн есөн дүүргийг төлөөлж өсвөр насны 200 хүүхэд оролцож байна. Тэд эх орон, байгаль дэлхийгээ хайрлах танин мэдэхүй мэдлэг эзэмшинэ. Мөн аливаа саад бэрхшээлийг даван туулах арга ухаанд суралцахаас гадна бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцан, багаар ажиллах чадвартай болох гэнэ. Уг арга хэмжээг Батлан хамгаалахын яам, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөрийн үйл ажиллагааг ЦЕГ-ын харьяа “Сүүж уул” амралтын газар болон Батлан хамгаалах яамны харьяа “Бага баян” энхийн төлөө цогцолборт зохион байгуулж байна.