Үндэсний статистикийн хорооны Статистик бизнес регистрийн санд 2023 оны эхний хагас жилд 254.9 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. 2022 оны мөн үеэс 17.4 мянга буюу 7.3 хувиар өссөн байна. Дээрх хуулийн этгээдээс 200.2 мянга буюу 78.6 хувь нь компани, 36.1 мянга буюу 14.2 хувь нь төрийн бус байгууллага, 8 мянга буюу 2.3 хувь нь нөхөрлөлийн статустай байна. Эдгээр хуулийн этгээдийн 195.5 мянга буюу 76.7 хувь нь Улаанбаатар хотод, 21.0 мянга буюу 8.2 хувь нь Төвийн бүсэд, 17.7 мянга буюу 7.0 хувь нь Хангайн бүсэд, 13. 5 мянга буюу 5.3 хувь нь Баруун бүсэд, 7.1 мянга буюу 2.8 хувь нь Зүүн бүсэд бүртгэлтэй байна.
Тус санд бүртгэлтэй байгаа 254.9 мянган хуулийн этгээдийн 35.1 хувь нь үйл ажиллагаа явуулж, 64.9 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 110.1 мянга буюу 66.5 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон. Бусад 33.5 хувь нь өөр шалтгаанаар үйл ажиллагаа явуулаагүй байна. Эхний (2023 он) хагас жилд үйл ажиллагаа явуулсан нийт хуулийн этгээдийн 71.3 мянга буюу 79.7 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарынх. Үйл ажиллагаа явуулсан тээвэр ба агуулахын салбарын хуулийн этгээдийн тоо 2022 оны мөн үеэс 19.3 хувиар өсжээ.
Үндэсний статистикийн хороо (ҮСХ) Статистикийн бизнес регистрийн санд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжүүдийн статистикийн мэдээллийг хамруулж байна. Мэдээллийн санг аж ахуйн нэгж, байгууллагын 1998 оны анхны тооллогын дүнд үндэслэн байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын 2006, 2011, 2016 , 2021 оны тооллогын дүн, мэдээллийн бусад эх үүсвэрээс тогтмол шинэчлэн баяжуулж байгаа юм.
Эх сурвалж: ҮСХ