Олон улсын физикийн олимпиадын хорооны гишүүнээр манай улсаас хоёр багш нэг жилийн хугацаатай ажиллахаар сонгогджээ. Олон улсын физикийн 53 дугаар олимпиад саяхан Японы нийслэл Токиод болсон. Монгол Улсын баг тус олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, нэг сурагч тусгай байрын шагнал хүртсэн юм. Үүний дараа Олон улсын физикийн олимпиадын албан ёсны хурал болж, Монгол Улсын багийг ахалсан МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Зоригт нарыг дараа жилийн олимпиад болох хүртэл нэг жилийн хугацаанд гишүүнээр ажиллуулахаар сонгосон байна. Уг хорооны гишүүн нь олон улсын физикийн олимпиадын дүрэмд өөрчлөлт оруулах, санал гаргах эрхтэй. Мөн санал хураалтад улсаа төлөөлөн оролцох эрхтэй юм байна. Түүнчлэн олимпиадын хорооны мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтойгоороо давуу талтай аж.