Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3. дахь, 3 дугаар хэсгийн 3.1, 5 дугаар хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад тусгасны дагуу “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Энэ үеэр үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн долдугаар сарын 6-ны өдрийн 128/Ш32023/5653 дугаартай захирамжаар “Үүлэнгөү” ХХК-нд битүүмжилсэн үхрийн мах 11.886 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.46 тонн, нийт 15346 тонн махыг устгуулах шийдвэр гаргажээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Байгаль орчны газрын холбогдох улсын (ахлах) байцаагчид, Хот тохижилтын газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтран Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгт долдугаар сарын 20-ны өдөр нийт 165 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 15.3 тонн үхрийн махыг устгах ажлыг зохион байгууллаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ