"Ковид 19" цар тахлын улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаагдаж үүний улмаас боловсролын салбарт асар их хор хохирол учирсан. Сургуулиуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.
Уг тайланд Камбож, Колумб, Кот-д’Ивуар, Энэтхэг, Монгол, Румын, Замби гэсэн 7 улсыг гүнзгийрүүлэн судалснаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ерөнхийн боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвөлгөө"-г онцлов.
Сургалтыг дахин сэргээх, хурдасгах асуудлыг шийдвэрлэхийн тулд харьцангуй цөөн тооны улс орнууд бүрэн нотолгоонд суурилсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн бол олонх нь тахлын өмнөх шиг үргэлжилсэн гэж тайланд дурджээ. Тухайлбал, судлагдсан 60 орны гуравны нэг орчим нь л зорилтот сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дөрөвний нэг орчим нь бүтэц зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан багшийн гүйцэтгэлийг дэмжсэн байна.
Судалгааны дүнгээс үзэхэд дэлхий даяар нийт 1,6 тэрбум хүүхэд 141 өдрийн турш сургуульдаа явж чадаагүй. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол улсын боловсролын салбарын шинэчлэлд хэрэгжүүлж буй сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө, боловсролын цахим шилжилт, үнэлгээний тогтолцоо, мөн үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийн талаар танилцууллаа.