2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн. Нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн гүйлгээ хийгдээгүй байна.
Тиймээс эдгээр суралцагч 2023 оны долдугаар сарын 20-ны өдрийн дотор өөрийн суралцаж төгссөн политехник коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мэдээллээ засаж өгөх ёстой гэнэ. Ингэснээр тэтгэлгээ авах боломжтой болно.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 122 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгодог. 2022-2023 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 11 540 суралцагч төгсжээ.