ХААН банк, Содура консалтинг ХХК хамтран ээлжит Бизнесийн менежментийн цогц сургалтаа зохион байгууллаа. “Бизнесийн менежментийн цогц сургалт-2023-I”-т компанийн 50 орчим захирал, менежер оролцож, менежментийн мэдлэгээ ахиулав. Суралцагсдыг өглөө, оройны ангид хуваарилсан бөгөөд сугалааны дугаараар багт хувааж, “Төгс өсөлт”, “Хамтын хүч”, “Seven star”, “Smart шинэчлэл”, “Alfa”, “МОЁТ”, “Тэргүүн”, “Next level” баг “мэндлэв”. Дараа нь багууд сонгож авсан компанийнхаа үйл ажиллагаанд оношилгоо, судалгаа, төлөвлөлт хийх даалгавар авсан. Улмаар хамтарч хийсэн оношилгоо, судалгаа, төлөвлөлтөөрөө танхимын хэлэлцүүлэг хийж, “ангийнхандаа” танилцуулсан. Содура консалтинг ХХК-ийн сургалтад хамрагдсанаар оролцогчид Стратеги, Хүний нөөц, Санхүү, Процесс, Борлуулалт маркетингийн чиглэлээр “номын дуу” сонсож, дээр дурдсанчлан дадлага ажил хийсэн юм. Сургалт зохион байгуулагчдын зүгээс даалгавар бүрт нэг бүрчлэн заавар зөвлөгөө өгсөн. Захирлууд 7 хоногт нэг удаа танхимаар цуглан, даалгавраа шалгуулж, бусад үед нь онлайнаар хичээллэсэн. Онлайн хичээлийн хувьд 7/24 зарчмаар буюу өөрсдөө хүссэн үедээ хүссэн хичээлээ сонгон суралцсан билээ.
ХААН банк, Содура консалтинг ХХК-ийн зохион байгуулж буй уг сургалтад 50 захирал, менежер оролцсоноос дараагийн шатанд 25 удирдах ажилтан шалгарч, илүү ахисан түвшний сургалтад дахин үнэ төлбөргүй хамрагдахаар боллоо. Мөн тэргүүн байрт шалгарсан “Төгс өсөлт”, удаах байрт орсон “Хамтын хүч” багийнхан дараагийн сургалтдаа суух “виз”-ээ Содура консалтинг ХХК-иас гардсан. Улмаар ангийн онц сурлагтнаар У.Мөнх-Эрдэнэ, Гантигмаа, З.Рэгзэдмаа, Д.Найманжаргал нар тодорсон.
Үүнээс гадна захирлууд ангийнхандаа компанийнхаа үйл ажиллагаагаа танилцуулж, “Ariun milk”, “Палома” компанийнхан бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэсэн. Мөн зарим багийн гишүүн нэг нэгнийхээ компаниар зочилж, танилцах аялал хийжээ. Сургалтад оролцогчид төгсөлтийн үеэр “Захирлуудад боломж олгосон энэ сургалтын өгөөж эргээд Монгол Улсдаа ирнэ. ХААН банк, Содура консалтингийн багш нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хэлж байсан.
Шилдэг төгсөгчдийн сэтгэгдлээс та бүхэндээ хүргэе.
Ц.Оюунтунгалаг: Бизнесээ өргөжүүлж, том зургаар харах боломжийг олголоо
(“Хамтын хүч” багийн ахлагч, “Палома” компанийн захирал)
ХААН банк, Содура консалтинг ХХК-ийн хамтарсан сургалтад суусандаа маш их олзуурхаж байна. Содура консалтингийн сургалтад сууснаар стратеги төлөвлөгөө боловсруулах чухал ажлыг өмнө нь орхигдуулж ирснээ ойлголоо. Компанийн нөхцөл байдлаа өнөөгийн түвшинд оношлоод, судалгаа шинжилгээ хийж, төлөвлөлтөө гаргах, бизнесээ ойлгомжтой, бүтэн том цар хүрээгээр нь харах боломжийг олгосон, үр өгөөжтэй сургалт байлаа.
Сонсоод байхад бид өмнө нь нийтлэг алдаа гаргадаг байж. Содура консалтинг ХХК-ийн сургалтаар жижиг бизнесээс дунд руу шилжихдээ гаргадаг алдаануудыг мэдэж авлаа. Зарим захирал стратеги төлөвлөгөө гэдгээ ч ойлгодоггүй юм байна. Өөрт нь хаана хүрэх вэ гэсэн хэтийн зорилго байгаа ч тэрийгээ яаж, ямар алхмаар хэрэгжүүлэх вэ гэдгээ мэддэггүй байжээ гэж ангийнхны зарим нь ярьж байна. Рамаа зангидсан ч деталь ажлуудаа орхигдуулжээ. Жишээ нь, борлуулалтаа илүү анхаараад, хүний нөөцөө орхигдуулдаг. Үүнийгээ ойлгонгуутаа асуудлаа томоор нь хараад бүх нэгжүүдээ хамруулаад явах боломж бүрдэж байна. Энэ маягаар ажиллахад амжилтад хүрэх нь тодорхой гэдгийг Содура консалтингийн зөвлөхүүдээсээ сурч авлаа.
У.Мөнх-Эрдэнэ: Компанийн бүтэн систем рүү орохын өмнө сургалтад хамрагдаж, өөрийгөө “цэнэглэлээ”
(“МОЁТ” багийн гишүүн. “Hi tech solution” компанийн үүсгэн байгуулагч)
Ай ти салбар хурдацтай хөгжиж байна. Тэнд маш их орон зай байгааг залуучууд мэдэрсэн. Үүнийхээ үндсэн дээр нэгдэж, эхний алхмаа хийгээд долоон жилийн нүүр үзэж байна. Өдгөө дараагийн алхмаа хийхээр залуусаа бэлдэж байна. Компанийн бүтэн систем рүү орох буюу шинэ алхам хийхийн өмнө сургалтад сууж, “цэнэг” авахыг нэг захирал найз минь зөвлөсөн. ХААН банк, Содура консалтинг ХХК-ийн хамтарсан сургалтад сууснаар бид буюу компани маань хаана явна гэдгээ олж харлаа. Яавал цаашид илүү хөгжих вэ гэдгээ мэдээд авчихлаа. Товчхондоо, цэгцтэй мэдээлэлтэй болж, юу судлах вэ гэдгээ мэдээд төлөвлөгөөгөө шат дараалалтай гаргачхаад догь сууж байна.
Бас нэг сонирхолтой зүйл нь сургалтад олон хүн хамрагджээ. Өөр өөрсдийн алдаа оноогоо хамтраад ярилцаж байгаа нь сонирхол татсан. Содура консалтингийн ХХК-ийн зөвлөх, багш нарын гэрийн даалгаварт өгсөн зүйлүүд нь оновчтой өгөөжтэй байлаа. Олон хүнтэй танилцлаа. Ай ти-гийн салбарыг олон хүн мэдэхийг хүсдэг аж. Өмнө нь дандаа танилын хүрээгээр, найз нөхдөөрөө дамжуулж ажил олдог байсан бол өнөөдөр огт танихгүй хүмүүс дундаас харилцагч олж чадсан нь давуу тал байлаа.
З.Рэгзэдмаа: Дараагийн бизнесээ анхнаас нь зөв эхлүүлэх эрч хүч, урам авч төгслөө
(“Төгс өсөлт” багийн ахлагч, “Абигэйл” компанийн захирал)
Дараагийн төсөл рүүгээ орохын тулд сургалтад хамрагдах шаардлага гарсан. Анзаараад байхад бид нэг төсөлтэйгөө 10-аад жил зууралджээ. “Ивээл” брэнд нэг үеэ бодвол засаглал нь сайжраад надтай, надгүй урагшилж байна. Тиймээс бид дараагийн бизнесээ эхлүүлнэ. “Ивээл” болон өмнөх бизнесүүдээ харж байхад компанийн засаглалаа зөв зохион байгуулах хэрэгтэй юм билээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Стратеги төлөвлөлт маш чухал. Зардал дээр суурилаад стратеги төлөвлөлт хийхээр алдаад байж. Маш олон алдаагаа харж чадсан учраас дараагийн бизнестээ төслөө бүрэн хэмжээгээр нь бичиж, том зургаар нь харж эхлүүлнэ. Хэрэгжүүлэхийн тулд сургалтад сууж, ахисан түвшинд очиж өөрийгөө сайжруулах хэрэгтэй байсан. Үүнд Содура консалтинг ХХК-иас зохион байгуулсан сургалт том тус боллоо.
Ажил олгогч захирлуудын хувьд сургалтын хэрэгцээ шаардлага маш их бий. Тэр болгон өөрийнхөө санхүүгээр өндөр төлбөртэй сургалтад хамрагдаж амждаггүй. Бидний авч байгаа сургалт зах зээлд маш өндөр үнийн дүнтэй байдаг. Тэр болгон бэлэн мөнгөөр өндөр үнэлгээтэй сургалт авах нь бидэнд хүнд шүү дээ. ХААН банк, Содура консалтинг ХХК-ийн хамтарсан энэхүү хөтөлбөрт бүртгүүлээд сарын хугацаанд маш өндөр хэмжээний мэдлэг мэдээлэл авлаа. Бичсэн төсөл дээрээ ажиллаж, нэлээд хэдэн зүйлийг сайжруулсан. Маш их баяртай байна. Биднийг зээл тусламжаас илүү оюунд гэрэл нэмж, мэдлэгт том хөрөнгө оруулж буй нь маш зөв жишиг. Жижиг, дунд бизнесийг анзаараад байхад суралцах хэрэгцээ шаардлага бий ч тэр болгон цаг хугацаа зарцуулж чадахгүй байх шиг санагддаг. Содура консалтингийн сургалтад хамрагдсанаар дараагийн бизнесээ анхнаас нь зөв эхлүүлье гэдэг хүсэл зорилгоо биелүүлээд төгслөө.
Содура Консалтинг ХХК нь 2016 оноос Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (MMCI), 2018 оноос Олон Улсын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ICMCI), 2020 оноос Америкийн Менежментийн Зөвлөхүүдийн Институт (IMCUSA)-ийн гишүүн болсон байгууллага юм.