Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гол, мөрөн үерлэснээс цөөнгүй иргэн, аж ахуйн нэгжийн хүнсний ногооны болон тариан талбай усанд автжээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад “Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Сайхан, Баянгол сумд 64 иргэн болон дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 334.2 га талбайн төмс, хүнсний ногоо усанд автаад байна. Мөн улаан буудайн 240, эрдэнэ шишийн 40 га талбай өртсөн” гэв.
Дархан-Уул аймгийн Орхон сумд ээлж дараалан үер бууснаас ногооны талбай усанд автсан аж. Тус сумын ЗДТГ-ын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цэдэн-Иш “Манай сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гаргаад, нарийвчилсан судалгаа хийж байна. Одоогоор 54 иргэний тарьсан есөн төрлийн нарийн ногоо, төмсний 223.3 га талбай усанд автсан. Үүнээс 31 иргэний хохирлыг тооцож үзэхэд 288 сая төгрөгт хүрлээ. Эдгээр айл ногоогоо хурааж авах боломжгүй болсон. Голууд голдиролдоо орж, татарч буй. Гэсэн ч ногооны талбайд тархсан ус сайн татрахгүй байгаа. Харин тарианы талбай руу ус ороогүй” гэсэн юм.