Япон Улсын Чиба хотод зохион байгуулж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо.
Монгол Улс нэг алт, дөрвөн хүрэл, нэг тусгай байр хүртжээ. Тодруулбал, Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж, Монгол Улсын долоо дахь алтан медалийн эзэн, Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн зургаа дахь сурагч боллоо.
А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Үүнээс гадна О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртжээ. Шагнал гардуулах ёслол энэ сарын 12-нд болж, амжилт гаргасан сурагчид шагналаа гардсан аж.