Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шилжилт хийх шаардлагыг үүсгээд байна. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чадамжгүй монголын эрчим хүчний салбар сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, ус төрөгчөөр өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах боломж бий. Гэвч цахилгааны үнийг төрөөс барьж, өртгөөсөө бага үнээр худалдаалж буй ийм үед сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж, бодит өртөг буюу зах зээлийн үнээр зарах нь асуудал дагуулдаг. Иргэдийн худалдан авах чадвар сул, төрөөс үнийг хатуу барьж, улмаар эрчим хүчний салбар алдагдал хүлээдэг тогтолцоог шинэчлэх шаардлага бий. Тиймээс салбар яамнаас 5-6 удаагийн шатлалтайгаар үнийг бага багаар өсгөж, иргэдэд дарамт үүсгэхгүйгээр бодит өртөгт хүргэх механизмыг хэрэгжүүлэхээр эхлүүлсэн. 2022 оны 12дугаар сард эрчим хүчний үнийг 28 хувиар нэмсэн. Гэтэл үнэ нэмэгдэхэд найдваргүй орлого өсөх үр дагавар гарч иржээ.
Монгол Улсын нийт хэрэглээ 1500 мвт. 2030 онд тус хэрэглээ хоёр дахин өснө. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах чиглэлд салбар яам анхаарлаа хандуулж, 5-6 төслийг хэрэгжүүлж эхэлсэн талаар Эрчим хүчний сайд Л.Чойжилсүрэн “Шинэ эрчим хүчний эх үүсвэр” хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Гэвч хатуу түлш буюу нүүрсэн дээр тулгуурлаж байгаа дулаан, цахилгааны станцуудыг ногоон болгох, сэргээгдэх эрчим хүчээр эх үүсвэрийг шийдвэрлэх сорилтын өмнө ирээд байна.
Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний 9 эх үүсвэр бий. Нарны 6, салхины 3 станцийг барьж, 280 гаруй мвт хэрэглээг хангах нөхцөл бүрдсэн. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталж, хуулийн хүрээнд 38 орчим тусгай зөвшөөрлийг олгожээ. Үүнээс 17 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа ч төвийн системтэй холбох асуудал гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барьж байгаа ч гол хэрэглэгчидтэй холбох асуудал гацаанд оржээ. Нөгөө талдаа цахилгааны үнийг чөлөөлж чадахгүй байгаа нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тээг болж байна.