Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерейд БНСУ-ын уран бүтээлч Но Жон Сукын “Shadow of a blank 5” уран бүтээлийн үзэсгэлэн 7-р сарын 3-наас эхлэн нээгдлээ.
Уран бүтээлч Но Жон Сук нь өөрийн бие даасан болоод хамтарсан үзэсгэлэнгээ дэлхийг тойрон гаргаад буй авьяаслаг уран бүтээлч төдийгүй БНСУ, Франц, Япон, Орос, АНУ, Монгол, Малайз, Тайван, Хятад зэрэг улс орнуудад нийт 365 удаагийн хамтарсан үзэсгэлэнгээ толилуулаад байна. Тэрбээр 2022 онд Францын Николас Пуссины музейд хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж, Сент-Жульений сүмд график ажлуудаа дэлгэсэн нь урлаг сонирхогчид болон үзэгчдэд содон, басхүү сонирхол татам байсныг онцлууштай. Түүнчлэн Но Жон Сук нь Гванжугийн эмэгтэйчүүдийн их сургууль болон Чоннам үндэсний их сургуульд 30 гаруй жил профессороор ажиллаж, шинэ залуу уран бүтээлчдийг бэлтгэсэн туршлагатай бөгөөд түүний шавь нараас нь одоо цагийн Солонгосын урлагийг тодорхойлогч олон төрсөн байдаг.
Мөн тэрбээр урлагийн ертөнцөд куратор гэдэг нэршил хөгжин танигдахад ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний 2007 онд Францын Руэн хотод гаргасан сонирхолтой кино, урлагийн үзэсгэлэн нь БНСУ төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн куратор болсон байна. Одоо тэрбээр Олон Улсын Дүрслэх Урлаг ба Урлагийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, Олон Улсын Эмэгтэйчүүдийн Урлагийн Наадмын захирал зэрэг нэр хүндтэй албан тушаал хашиж байна.
Ийнхүү авьяас билэг хосолсон, чадварлаг уран бүтээлчийн “Shadow of a blank 5” үзэсгэлэнд 40 гаруй график бүтээлүүд дэлгэгдээд байгаа бөгөөд Монгол уран бүтээлчдийн тэр бүр туршдаггүй арга барилаар бүтээгдсэнээрээ онцлог аж.
Үзэсгэлэн 2023 оны 7-р сарын 24-ний өдрийг дуустал ХААН галерейд үзэгч олны хүртээл болох тул сэтгэл, оюуны цангааг тайлах энэхүү үзэсгэлэндээ соёл урлагт шимтэн дурлагч хэн бүхнийг урьж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк