“Монголын эдийн засгийн форум-2023”-ыг “Welcome to Mongolia” уриатайгаар энэ сарын 9, 10-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн сайд болон бусад албаныхан өчигдөр мэдээлэл хийв. Сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсад нийт 41.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийжээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ буурч буй. Эдийн засгийн форум нь манай улсын орлогыг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг гарц юм” гэлээ.
Тэгвэл форумын нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг “Энэ удаагийн форум эдийн засгийн өсөлттэй давхцаж, мөн монгол наадмын өмнө болохоороо онцлог. Форумын зохион байгуулалттай холбоотой зардлыг хувийн хэвшлийнхнээс бүрдүүлж буй. Төр, хувийн хэвшлийн түншлэл амжилтад хүрэхийг харуулахыг зорьж байна” гэсэн юм. Дээрх үйл ажиллагаанд 1700 орчим оролцогч хүрэлцэн ирэх төлөвтэй гэнэ. Тэдний 700 гаруй нь хувийн хэвшлийнхэн, ивээн тэтгэгч, эрдэмтэн, судлаач хэвлэл мэдээллийн салбарынхан бол 600 нь гадаадын хөрөнгө оруулагч, үлдсэн нь төрийн байгууллагынхан аж.