УИХ-ын гишүүн Т.Аубакир БНКУ-ын парламентын доод танхимын Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн А.Жаркынбек, Соёлыг дэмжих хорооны гишүүн Т.Нургул, Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн Ш.Үнзила нарын хамтаар “Монголын хөрөнгийн бирж”-д зочиллоо.
Энэ үеэр зочид Астанагийн олон улсын санхүүгийн төв (AIFC)-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, тус улсад санхүүгийн төвийн дэд бүтэц бүрэлдэн тогтох, байгууллагын платформ дээр бүртгүүлсэн анхны оролцогчдын үйл ажиллагааг жигдрүүлэхэд хууль эрх зүйн орчныг бий болгох, эрх зүйн тодорхой зохицуулалтуудыг хийж байсан түүх, туршлагаас хуваалцжээ.
Астанагийн Олон Улсын Санхүүгийн Төв (AIFC) нь Казахстан болон бусад улс орнуудыг санхүүгийн найдвартай дэд бүтэц, онцлог бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангаж дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2018 онд байгуулагдсан санхүүгийн төв юм. Олон улсын тэргүүлэх хөрөнгө оруулалтын байгууллага, санхүүгийн корпораци, банк зэрэг 75 орны 2000 гаруй оролцогчид AIFC- ийн экосистемийн давуу тал, өвөрмөц үйл ажиллагаанаас тодорхой үр шим хүртэн ажиллаж байна.
Эх сурвалж: МХБ