Мах, гурилын нөөцийг хэрхэн бүрдүүлсэн талаар ШӨХТГ-аас хийсэн шалгалтын талаар өчигдөр мэдээллээ. Тус газрын дарга Н.Мандуул “Махны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх зорилго бүхий ажил хэр зэрэг үр дүнтэйг шалгалаа. Мах, гурилын нөөц бүрдүүлэхэд зориулж өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Гэсэн ч нийлүүлэлтийн хомсдолыг арилгаж чадсангүй. Үүнд хувийн хэвшлийнхнийг буруутгахаас илүүтэйгээр төрийн зохион байгуулалт муу байсныг онцлох нь зүйтэй. Тухайлбал, нөөцийн мах бэлтгэхэд салбарын яам, нийслэлийн байгууллагууд хоорондын уялдаа муу, хөнгөлөлттэй зээлийг оройтож олгосон зэрэг дутагдал байна. Энэ талаарх дүгнэлтүүдээ гаргасан, ойрын хугацаанд Засгийн газарт зөвлөмжөө хүргүүлнэ” гэв. Өнгөрсөн жилүүдэд жил бүр 12-15 мянган тонн мах нөөцөлдөг байжээ. Тэгвэл 2022-2023 оны өвөл 7.7 мянган тонныг нөөцөлж, 3.2 мянгыг нь зах зээлд нийлүүлсэн нь махны хомсдол үүсэх нөхцөл болсон гэнэ. Ингэснээр махны үнэ олон жилийн дунджаас огцом өссөн аж. Үүнээс гадна ШӨХТГ-аас “хар жагсаалт” буюу зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд анхаарал хандуулан үүрэн холбооны операторт өр төлбөртэй иргэдийг дээрх жагсаалтад оруулдаг нь буруу хэмээн үзжээ. Мөн банк, ББСБ-ууд зээлийн судалгаа хийхдээ иргэдийн лавлагаа нэрийдлээр зээлдэгчийн зургаан жилийн түүхийг шалгаж буй нь зээлийн мэдээллийн сангийн үндсэн концепцтой зөрчилдөж байгаа зэрэг асуудлаар Дээд шүүх, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна.