Монголд газрын тосны нөөц бийг 1940-өөд онд манай орны болон тухайн үеийн ЗХУ-ын геологичид тогтоож байсан түүхтэй. Улмаар судалгаагаа эрчимжүүлж Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цагаан элсний орд газрыг тогтоон, 1950-1960 онд газрын тос олборлон боловсруулж байв. Гэвч хойд хөршид нефтийн томоохон ордууд нээгдэн, Монголд тос олборлож, боловсруулахаас бага зардлаар худалдан авч болно хэмээн тооцсоноор 1969 онд Зүүн баянгийн үйлдвэрийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Ийнхүү 50 гаруй жил ОХУ-аас шатахуун худалдан авч, жил бүр нэг тэрбум гаруй ам.доллар буюу импортын хөрөнгийн 35 хүртэлх хувийг зарцуулж байна. Түүнчлэн таван жилийн өмнө буюу 2017 онд жилд 1.2 сая тонн орчим шатахуун хэрэглэж байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 1.9 саяыг зарцуулж, манай улсын хэрэглээ улам бүр өсөн нэмэгдсээр байгаа юм. Монгол Улс хэрэгцээ шаардлагадаа үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар болж, 2018 онд шав тавин, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг байгуулсан билээ. Тухайн үед тус үйлдвэрийг 2023-2024 онд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байсан ч цар тахлын нөхцөл, бусад шалтгааны улмаас ажил нь хойшилсоор 2026 онд ашиглалтад оруулах сураг гарах болов. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 60 хувиас давж, нэгэнт “галт тэрэг хөдөлсөн”. Харин үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангах, түүхий эдийн нөөц хэр байгаа нь эргэлзээтэй.
Манай улс жилд 1.9 сая тонн шатахуун хэрэглэж буйг дээр дурдсан. Тэгвэл газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий эд боловсруулж, дотоодын хэрэглээнийхээ 50-55 хувийг хангах төлөвлөгөөтэй. Үйлдвэрт 1.5 сая түүхий тос зарцуулах тооцоог “Петрочайна дачин Тамсаг” компанийн техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлаж гаргасан. Тус компани жилд ийм хэмжээний тос олборлох бөгөөд үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа түүхий эдээр бүрэн хангах үүрэг хүлээсэн юм. Гэтэл “Петрочайна дачин Тамсаг” нь өдгөө жилд 600 000 тонн орчим тос олборлож буйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Энэ нь сүүлийн жилүүдэд олборлолтынх нь хэмжээ буурч, нэмж хайгуул хийх боломж нь хумигдан, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсонтой нь холбоотой гэнэ. Тогтвортой ажиллахгүй, нөөцийн хэмжээгээ ахиулж чадахгүй байх нь мэдээж манайд барьж буй газрын тосны үйлдвэрийг хангах түүхий эд бэлтгэх боломжийг бууруулна гэсэн үг. Хэдийгээр дээрх компани байгаль орчны нөхөн сэргээлтийг муу хийж, орд газрыгзүй зохистой ашиглаагүй гэсэн шүүмжлэлд өртөн, татварын өр төлбөр үүсгэсэн ч тогтвортой ажиллах, хайгуул, олборлолтын зардлаа өсгөх шаардлага байгаа юм.
Ингэснээр нөөцийн хэмжээ нэмэгдэх, улмаар манайх түүхий эдийн нийлүүлэлтэд санаа зовохгүй байх боломжтойг АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал хэллээ. Тэрбээр “Петро чайна дачин Тамсаг компани одоогоор 4.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Шаардлагатай техник, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулж, туршлагажсан учраас бид түүхий тосоо тэднийхээс худалдан авахаас өөр аргагүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ч энэ талаар тусгасан. Одоогоор дээрх компани жилд 600 000, “Доншин” компани 60 000 тонн тос олборлодог. Ахиулсан дүнгээр манайд 700 000 тонн түүхий эдийн нөөц л жилд бэлтгэгдэж байгаа гэсэн үг. Үлдсэн 800 000 тонныг хаанаас, хэрхэн олох вэ гэдэг чухал. Гэтэл компаниудыг ажил хийлгэхгүй, орон нутгийнхан, иргэний нийгмийн байгууллагуудын дарамт мундахгүй байна. Ерөөсөө орон нутгийн удирдлага, ард иргэд байгаль орчин сүйтгэж, баялгийг “булааж” байна гэсэн ойлголтоос салж чаддаггүйгээс, ялангуяа газрын тосны олборлолт ахихаа байлаа. Гэтэл үйлдвэр ашиглалтад оруулах хугацаа дөхсөөр. Үүнийг л Засгийн газар, холбогдох байгууллагууд анхаарах хэрэгтэй байна” хэмээн ярив.
Газрын тос хайх, нөөцийг тогтоох нь манай улсын гол зорилго. Үүний хүрээнд шинээр 12 байршилд нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаас дөрвөн талбайд хайгуулын ажил эхлүүлжээ. Ингэснээр одоогоор улсын хэмжээнд есөн талбайд газрын тосны эрэл хайгуул, олборлолт үргэлжилж буй бөгөөд Монголоос МТ, “Шунхлай”, “Макс ойл”, МАК компани хайгуул хийж буй гэнэ. Цаана нь найман талбайд хөрөнгө оруулагч хэрэгтэй гэсэн үг. Газрын тос хайх нэг удаагийн өрөмдлөгө бараг сая ам.доллар шаарддаг, эрсдэл ихтэй салбар учраас гадаадын хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа аж. Урд хөршийн хэдэн компани л сонирхож буйгаа илэрхийлсэн бөгөөд “Доншин”, “Петрочайна дачин Тамсаг” компанийн нөхцөл байдлыг харгалзан шууд хөрөнгө оруулахаас азнаж буй бололтой. Хайгуул хийж буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах бөгөөд боловсруулах үйлдвэрт зах зээлийн үнээр түүхий эдээ нийлүүлэх ёстой юм байна. Харин хэдий хэмжээний нөөц байгааг хараахан тогтоогүй гэсэн. Уг нь Монгол Улсад өмнө нь хийж байсан хайгуулын ажлын үр дүнгээр тооцвол нийт330, үйлдвэрлэлийн43 орчим сая тоннын нөөц бий гэдэг. Манай улсын ихэнх нутаг дэвсгэр чулуурхаг, газрын ан цав ихтэй учраас хайгуулын ажлын зардал олон улсын дунджаас дээгүүр гардаг юм байна.
Газрын тосны үйлдвэрлэлийн нөөц болох 43 сая тонноос 10-ыг нь ашигласан гэвэл 33 сая тонн байгаа гэсэн үг. Гэхдээ үүнийг бас л баталгаажуулаагүй. Ихэнх нь Дорнод аймгийн Тамсагийн сав газар, Дорноговьт байгааг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд хайж, нөөцийг нь магадлан тогтооно гэсэн үг. Тиймээс “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т “Петрочайна дачин Тамсаг” компанийн Давст-31 талбайг өгч, хайгуул хийлгэхээр болжээ. Тус талбайд урьдчилсан байдлаар 7.7 сая баррель тос байх боломжтой бөгөөд цооног өрөмдөн шалгах шаардлагатай аж. Гэсэн ч өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх санхүүжилтийг нь шийдвэрлээгүй бөгөөд ойрын хугацаанд өрөмдөж эхлэхгүй бол хугацаа алдахыг УУХҮЯ-нынхан хэлж буй. Мөн дээрх талбайд хайгуул хийх тендер зарласан ч сонирхох компани олдоогүй бололтой. Энэ талаар УУХҮЯ-ны нэгэн мэргэжилтэн “Газрын тос хайх санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Юутай ч ирэх оны төсөвт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болон урсгал зардлын төсвийг суулгахаар болсон. Ер нь боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлыг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлсэн” гэсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компаниас “Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой ажлыг манай компани хүлээн аваад удаагүй. Асуудал их бий. Одоогоор мэдээлэл өгөх боломж алга. Засгийн газрын (өнөөдөр) хуралдаанаар хэлэлцэх юм билээ” гэв.
Дорнод, Дорноговь аймгийн нутагт газрын тосны нөөц бий хэмээн тооцож буй. Ялангуяа эдгээр аймгийн урд хөршийн хил дамнасан хэсэгт газрын тосны илэрц бүхий талбай цөөнгүй бөгөөд Хятадын талд нь тухайн улсын компаниуд ажиллан, хилийн зурвасаас 150 метрийн цаана тос олборлож буй аж. Гэтэл манай улс тухайн бүсийг тусгай хамгаалалтад авч, огт хөндөхгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Зүй нь тусгай хамгаалалтаас гарган, хайгуул хийх учиртай гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Газрыг тусгай хамгаалалтаас гаргах, эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас зоригтой шийдвэр хэрэгтэй гэсэн үг. Мөн Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петроматад” компани 2021 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа юм билээ. Орон нутгийнхантай газрын асуудлаа шийдэж чадахгүйгээс ийн хоёр жил өнгөрчээ. “Петроматад” компанийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үйл ажиллагаа явуулах талбайг нь улсын тусгай хэрэгцээнд авч, айлуудад нөхөн олговор олгох талаар яригдсан аж. Ашиглалтын талбайд нь 11 айл амьдардаг гэсэн дүгнэлт гарсан ч бас л эцсийн шийдвэрт хүрээгүй гэнэ.
Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахад 2-3 жилийн хугацаа л үлдлээ. Одоо байгаа нөөц, олборлолтын дүнгээс харахад жилд ахиад 800 000 тонн түүхий тос хэрэгтэй болно. Багадаа 1.5 сая тонн түүхий эдтэй байж үйлдвэр тасралтгүй ажиллана гэдгийг төр, хувийн хэвшлийнхэн бүгд ойлгож буй ч нөөцийг ахиулах, олборлолтыг өсгөх талаар дорвитой ажил хийсэнгүй. Төрөөс хайгуулын ажилд хэдий хэр хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн талаарх мэдээлэл ч алга. Хувийн хэвшлийнхэнд хайгуулыг хариуцуулж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан гэх боловч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зөвшөөрөлтэй талбайгаа ашиглахын тулд багагүй бэрхшээл туулж, орон нутгийнхан, иргэний хөдөлгөөнийхөнтэй тэмцсэн хэвээр байгааг болиулах сан. Түүнчлэн тусгай хамгаалалттай газрын жагсаалтыг өөрчлөх, хайгуул хийж эхлэх, төсвийн хөрөнгө харамгүй зарцуулж нөөцөө баталгаажуулах шаардлага байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үгтэй ч энэ удаа саваа бэлдсэн ч сааль олдохгүй байх вий.