Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулж Туул, Сэлбэ, Дунд голын урсацын тохируулга хийж, голуудын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилтуудын хүрээнд мэргэжлийн хот байгуулагч, архитекторуудтай хамтран “Сэлбэ сэргэлт” төслийг Барилга, хот байгуулалтын яам хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Сэлбэ сэргэлт” төслөөр Сонсголонгоос Дамбадаржаа хүртэлх чиглэлд 21.5 км урттай 6 эгнээ бүхий авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан замыг 28 том, жижиг гүүрэн байгууламж, 9 туннель, явган хүний зам, унадаг дугуйн зам, тохижилтын хамт шинээр барьсанаар нийслэлийн түгжрэлийг бууруулах, голын дагуух иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг сайжруулах юм. Энэ онд эхний ээлжийн бүтээн байгуулалт болох 11.6 км автозам, 8 ширхэг гол гүүр, 2 ширхэг холбоос гүүр, 2 ширхэг туннелийн барилга угсралтыг ажлыг эхлүүлнэ.