“Монголын Хөрөнгийн бирж” нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан 11 харилцааг зохицуулсан нэр бүхий 5 журмыг боловсруулжээ. СЗХ-ны хуралдаанаар эдгээр журмыг мөрдүүлэх зөвшөөрлийг олгож, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аас хүргүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоолоо.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан зохион байгуулахыг Засгийн газарт, цахим арилжааг хянаж ажиллахыг СЗХ-нд даалгаад байсан юм. Энэ хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК нийт 54 удаагийн нүүрсний цахим арилжааг байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаад байна.