МУИС-ийн Археологийн төвийн судлаач, доктор, профессор Ц.Төрбат тэргүүтэй Монголын археологичид Оксфордын болон Боннын их сургууль, Британийн музей, Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвтэй хамтран Орхоны хөндийд таван жил хэрэгжүүлэх “Морины хүч” төслөө эхлүүлжээ. Энэ нь Европын судалгааны төв (ERC)-ийн “Хүчин чармайлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслөөр шалгарч, 10.4 сая еврогийн санхүүжилт авсан юм байна.
Төслийн гол зорилго нь тал нутгийн морины удамшил зүйг бусад бүсийн адуутай харьцуулан судлах, тоног хэрэгслийн гарал ба бүтцийг тодорхойлох аж. Судлаачид эхний ээлжид Хятадын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Цин Шихуандийн онгоны адууг хүрэл, төмрийн үеийн монгол морьтой харьцуулж, гарал үүслийнх нь холбоог тогтоох зорилт тавьжээ. Үүний малтлага, судалгааг МУИС-ийн судлаач, оюутнууд гардан гүйцэтгэх нь.
Бэлтгэсэн: Н.Мишээл