Монголын хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосныг Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний анхны, тусгай зөвшөөрөл бүхий бирж бий боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хуулийг өнгөрсөн сарын 30-наас мөрдөж эхэлсэн.
Эл хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг МХБ-ээр дамжуулахыг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавихыг СЗХ-нд даалгасан. Үүний хүрээнд нүүрсний цахим арилжааг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй явуулж, өнгөрсөн баасан гаргийн байдлаар 54 арилжаагаар нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр борлуулсан байна. Түүнчлэн дээрх хуульд заасны дагуу холбогдох таван журам боловсруулсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн тогтоосныг СЗХ-ноос мэдээллээ.