-Улаанбаатарт газар хүчтэй хөдөлбөл цахилгаан, дулаан удаан хугацаагаар тасрах эрсдэлтэй-
Улаанбаатарт газар хүчтэй хөдөлбөл юу болох вэ. Энэ асуултад хариулт өгөх үнэлгээ, судалгааг япончууд одоогоос 10 гаруй жилийн өмнө бидэнд хийж өгсөн байдаг. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, тэр хэрээрээ сургамж, туршлага арвин орныхон монголчуудад гамшгийн эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлаа хангах чиг баримжааг үүгээр өгсөн гэхэд болно. Уг судалгаанд ноцтой гэж хэлж болохуйц нэгэн зүйлийг дурдсан нь цахилгаан түгээх байгууламж, дулааны шугам сүлжээний тэсвэргүй, найдваргүй байдал юм. Харамсалтай нь, манайхан гамшигт тэсвэргүй барилга, байгууламжийн тоонд ач холбогдол өгөөд, хамгийн чухал мессежийг нь дарагдуулчихжээ. Үүнээс хойш өчнөөн жил өнгөрсөн хэдий ч гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ аваагүйг албаны хүмүүс хэлж байна. Үндсэндээ шалгалтад муу дүн авахаа мэдсээр байж огт бэлдэлгүй, “гэрийн даалгавар”-аа хийлгүй өнөөдрийг хүрсэн гэсэн үг.
...2-3 цаг ч биш, өдөр ч бус, 20-30 хоног халаалтгүй, цахилгаангүй байх эрсдэлийн талаар энд дурджээ. Багаар бодоход л ийм байна. Ийм явдал дүн өвлөөр тохиовол нийтээрээ хөлдөж, эрүүл мэнд, амиараа хохирч болзошгүй нь. Паартай байранд амьдарч, паалантай жорлон ашигладгийн хэрэг тэр үед гарахгүй нь бололтой. Иймд япон судлаачид Улаанбаатар хотын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, нийтийн зориулалттай барилга, байгууламж төдийгүй цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээг хүчитгэх, бэхжүүлэх арга хэмжээ яаралтай авахыг зөвлөжээ...
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ОБЕГ-ын хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хотын гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээлэн, Азийн гамшгаас урьдчилан сэргийлэх төв, “Тоодэн сэккэй” компанийнхан гамшгийн үнэлгээ хийхдээ гэр хороолол дахь цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, тулгуур багана, шонгуудыг хамруулсан байна. Ингэхэд “Өндөр эрсдэлтэй” гэж гарчээ. Цахилгаан дамжуулах байгууламжууд нь маш хэврэг учраас газар хүчтэй буюу 6-гаас дээш балл хөдлөхөд олноороо хугарч унах эрсдэлтэй хэмээн үзэж. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үнэлгээнд хамруулсан 29 мянга гаруй шонгийн 845 нь зөвхөн барилга, байгууламжийн нуралтаас үүдэлтэйгээр гэмтэж, эвдрэх аюултай гэж тооцсон аж. Энэ нь хотын хэмжээнд доголдол үүсгэж, засварлахад урт хугацаа шаардах эрсдэл дагуулах гэнэ. Дулааны шугам сүлжээний ихэнх хэсэг буюу 82 хувь нь газар доор байрладаг (дулааны худагт байршуулсан болон шууд булсан) нь мөн л өндөр эрсдэлтэйг уг үнэлгээнд онцолжээ. Гамшгаас үүдэлтэй их хэмжээний нуранги үүссэн тохиолдолд тэр болгоныг эрж олж, засаж сэлбэх боломж хомс. Шугам хоолойнуудыг тулгуур багануудтай бэхлээгүй орхисон тохиолдол ч цөөнгүйг дурдсан байв.
Судлаачид эцэст нь “Улаанбаатар хотын орон сууцын хорооллууд дахь цахилгаан түгээх байгууламж, газарт булаастай шугам хоолойн эвдрэлийн үнэлгээнээс харвал хот тэр чигээрээ төвлөрсөн хангамжаас тасрах аюул өндөр”, “Хотын төв хэсгийн хотхон, хорооллууд дулааны болон цэвэр, бохир усны төвлөрсөн хангамжаас 100 хувь хамааралтай тул хэрэв өвөл газар хөдөлбөл нийтээрээ хөлдөх, хүмүүс амиа алдах эрсдэл учирна” хэмээн дүгнэж, болзошгүй эрсдэлийг монголчуудад анхааруулжээ. “Аан, уун” гээд сонсоод л өнгөрөх, үл тоож орхих зүйл огт биш байгаа биз. 2-3 цаг ч биш, өдөр ч бус, 20-30 хоног халаалтгүй, цахилгаангүй байх эрсдэлийн талаар энд дурджээ. Багаар бодоход л ийм байна. Ийм явдал дүн өвлөөр тохиовол нийтээрээ хөлдөж, эрүүл мэнд, амиараа хохирч болзошгүй нь. Паартай байранд амьдарч, паалантай жорлон ашигладгийн хэрэг тэр үед гарахгүй нь бололтой. Иймд япон судлаачид Улаанбаатар хотын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, нийтийн зориулалттай барилга, байгууламж төдийгүй цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээг хүчитгэх, бэхжүүлэх арга хэмжээ яаралтай авахыг зөвлөжээ. Даанч манай улс үүнээс хойших 10 жилийн хугацаанд юу ч хийсэнгүй. ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн ч үүнийг хүлээн зөвшөөрч байна.
Тэрбээр “Бид 2013 онд япончуудын хийсэн судалгааг одоо болтол ашиглаж, баримталж байгаа. Үүнд тусгасан цахилгаан түгээх байгууламж, дулааны шугам сүлжээний эрсдэлийн үнэлгээний дагуу арга хэмжээ авах нь салбар яамны хариуцах ажил. “Ийм аюул эрсдэл байна шүү” гэдгийг тооцоолоод, тогтоогоод өгчихлөө. Тэд үүнд тулгуурлан төсөв хөрөнгөө хуваарилж, хүчитгэх, бэхжүүлэх, тэсвэржилтийн түвшнийг нэмэгдүүлэх ажил хийх ёстой. Ерөнхий сайдаар ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл гэж бий. Үүнд Эрчим хүчний дэд сайд багтдаг. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах үүрэг чиглэлийг үндэсний зөвлөлөөс тус яаманд удаа дараа өгсөн. Төсөв санхүү нь болдоггүй юм уу, үүний дагуу ажил хийдэггүй. Хэрэгжилт нь маш хангалтгүй” гэсэн юм. Тодруулбал, гамшигт үзэгдлийн үед эрчим хүчний найдвартай, бэлэн байдлыг хангахын тулд цахилгаан дамжуулах шугамын тулгуур баганын металл хийцийн чанарыг сайжруулах чиглэлийг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс ЭХЯ, Мэргэжлийн хяналтын газарт 2021 онд өгч байж. Харин үүний дараа жил нь эрчим хүч түгээх сүлжээ, дулаан, цахилгаан дамжуулах шугамд гамшгийн эрсдэлийн үнэлгээг системтэйгээр хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг өгсөн аж. Харамсалтай нь, дээрх байгууллагынхан уг зөвлөмжийг “хүлээж аваагүй” гэнэ.
Гамшигт хэр зэрэг бэлэн буйг илтгэдэг “Олон нийтийн тэсвэрлэх чадвар”, “Хотын тэсвэрлэх чадвар” гэсэн хоёр ойлголт байдаг. Манай улсын хувьд аль алинаар нь тааруу үнэлгээ авдгийг саяхан болсон олон улсын арга хэмжээний үеэр судлаачид дурдлаа. Өөрөөр хэлбэл, иргэд, олон нийт нь ч бэлэн бус, хот нь ч бэлтгэлгүй гэсэн үг. Газар хөдлөлт, цунами зэрэг гамшгийн эрсдэлтэй, идэвхтэй бүсэд оршдог улсууд барилга, байгууламж, дэд бүтцээ эхнээс нь ухаалгаар төлөвлөж, тэсвэрлэх чадвар бүхий хотыг цогцлоодог бол ийм төрлийн аюулаас хол орнууд тоомжиргүй байдлаасаа болж их хэмжээний хохирол амсдагийг анхааруулсан юм. Манай улс яг л ийм нөхцөл байдалтай нүүр тулах магадлал өндөр байна.
Судлаачдын үзэж буйгаар бол Улаанбаатар хотын замбараагүй, төлөвлөлтгүй байдал гамшгийн эрсдэл, хохирлыг нэмэгдүүлэх “тэсрэх бөмбөг” гэнэ. Шатамхай материал ашигласан, чулуун өрлөгтэй, угсармал барилга олонтой, чичирхийлэлд тэсвэргүй гүүрүүдтэй зэрэг нь газар хөдлөлтийн эрсдэлийг нэмэгдүүлэх бол гол зам дагуу төвлөрсөн хуучны орон сууц ихтэй, стандартаас давсан олон машинтай, ганцхан нисэх буудалтай зэрэг нь гамшгийн үед шуурхай арга хэмжээ авах, яаралтай тусламж үзүүлэхэд ихээхэн саад учруулж болзошгүй нь. Тиймээс дээрх мэргэжилтэн “Монголд газар хөдөлбөл Туркийнх шиг шуурхай арга хэмжээ авах боломж хомс. Нуранги доороос 2-3 хоногийн дараа амьд хүн олох нөхцөл байхгүй. Өвөл газар хөдөлбөл нийтээрээ ус, дулаан, цахилгаангүй болох эрсдэлтэй” гэсэн юм. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж улам нэмэгдсээр байна. Ийм үзэгдлийн тоо сүүлийн 10 жилд 5.7 дахин өссөн гэсэн статистикийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан. Мөн Монгол орны нийт газар нутгийн 60, Улаанбаатар хотын 98 хувь нь 7-9 баллын газар хөдлөлтийн бүсэд хамаардгийг ч анхааруулсаар байгаа. Тэгэхээр бид сүрдэж, хий хоосон шогшрох биш, бодитой ажил хийх шаардлага тулгарчээ. Монголчуудын хувьд наргианы сэдэв болоод буй энэ үзэгдэл хүн төрөлхтөнд ямар их хэмжээний аюул заналхийлэл учруулдгийг Турк, Сирийн хилийн уулзвар бүсэд болсон газар хөдлөлт харуулсан билээ. Бид үүнээс сургамж авах ёстой. Хүчтэйхэн бороо, салхины ая даахгүй барилга, байгууламж, дэд бүтэцтэй манай орны хувьд гамшиг боллоо гэхэд хор урхаг нь хэд дахин “нугарч” ирэх эрсдэлтэй. Иймд айсуй аюулыг заавал туулж байж арга хэмжээ авах бус, урьтаж “хөдлөх” зайлшгүй хэрэгтэй. Энхийн цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана гэдэг дээ. Гамшгийн эрсдэлийн үнэлгээгээ ч ул суурьтайгаар дахин хийх цаг нь болжээ.