“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийн эмч мэргэжилтнүүд энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. ХААН Банк Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран 13 дахь жилдээ хэрэгжүүлж буй тус аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023 оны хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймгаас эхлүүлсэн бол өчигдөр Увс аймагт тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгч, үзлэг оношилгоо хийх, эрт илрүүлэг хийх зорилгоор Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг бүрэлдэхүүн тус аймагт 6-р сарын 26-30-ны өдрүүдэд ажиллах юм.
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан энэхүү аянд өнгөрсөн хугацаанд нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн сайн түншлэлээр нийгэмд бодитой өөрчлөлт авчирсан сайн жишээ болсныг аяны нээлтийн үеэр удирдлагууд онцолж байлаа.
Хорт хавдрыг эрт оношилж, илрүүлбэл бүрэн эдгэрдэг, сэргийлэх боломжтой өвчин гэдгийг иргэд нэг үеэ бодвол ойлгодог болсон. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хооллон, дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаас татгалзаж чадвал иргэн бүр хорт хавдраас сэргийлэх боломжтой юм.
Синх: Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд
ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк