Улсын хэмжээнд тариалангийн хээрийн соёололт 90 хувьд хүрч, үр тариа, төмс, тосны ургамлын тариалалт бүрэн дууссаныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Харин хүнсний ногоо, тэжээлийн ургамлын үр суулгалт хараахан дуусаагүй байгаа аж. Манай улсын газар тариалангийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг нийлүүлдэг Сэлэнгэ, Төв аймагт болон баруун бүсэд бүх төрлийн таримлын соёололт жигд сайн гэж үнэлэгджээ. Хэдийгээр өнгөрсөн хавар оройтож дулаарч, нийт нутгаар сэрүүвтэр байсан ч өдгөө цаг уурын нөхцөл хэвийн болж, тариалангийн бүс нутагт цочир эрсдэл үүсэхээргүй төлөвтэйг дээрх яамын Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэллээ. Ташрамд дурдахад, энэ жил манай улс үр тариа 335 000, төмс болон хүнсний ногоо 30 000, тэжээл 70 000, тосны ургамал 110 000 орчим га талбайд тарьсан. Энэ нь өнгөрсөн оныхоос талбайн хэмжээ 9000 га-гаар өссөн дүн билээ.