Боловсролын ерөнхий хуульд тусгасан “Англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно” хэмээх заалт хэрүүлийн алим болж, монголчууд хэдэн өдрийн турш талцан маргалдаж байна. Нэг хэсэг нь үүнийг заавал хуульчлах шаардлагагүй, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах замаар хэрэгжүүлэх боломжтой гэсэн санал дэвшүүлж байгаа бол зарим нь хуульд тусгаж гэмээнэ л англи хэлийг бүх нийтийн хэрэглээ болгож чадна гэж сөргүүлж буй юм. Эх оронч үзэлдээ дийлдсэн хэсэг бүлэг хүмүүс үүнийг “Монголоо алдах” эхлэл хэмээн дургүйлхэж, хэл, соёлынхоо эсрэг үхэр буугаар сум тавьж буйгаас ялгаагүй хэрэг гэж туйлшрах боллоо. Хууль тогтоогчид нь ч иргэдийнхээ туйлшрал, талцалд автсан уу, сонгуулийн жилийн өмнөх болгоомжлолдоо дийлдсэн үү, тус хуулийн хэлэлцүүлгийг хэдэнтээ хойшлуулж, шийрэгнэсээр өнөөдрийг хүрлээ. Эл заалтыг хуулиас хассан тохиолдолд ч англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гуравдугаар ангиас нь эхлэн заах бодлого, төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд нь учирна лээ.
Хууль дахь заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэх, эсэхээс үл хамааран сурагчдад найман наснаас нь гадаад хэл зааж болзошгүй нь. Хэрэв тийм бол боловсон хүчнээ бэлдэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулах, сургуулиудыг нэгдсэн арга зүйгээр хангах гээд хийх ажил бишгүй. Өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн бодлого, хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхөө сайн, мууг ул суурьтай хэлэлцэж, цаашаа ямар “зам”-аар явахаа хэлэлцэн тогтох нь зүйтэй. Ер нь бид англи хэлийг зааж чадаж байгаа юу, багшлах боловсон хүчнээ шийдсэн үү, тэдний ур чадвар хэр хэмжээнд буй, сурагчдад ямар түвшний мэдлэг олгож байна вэ гэдгийг давын өмнө нухацтай ярих ёстой юм. Ингэж байж бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэх зорилгоо биелүүлж чадна. Энэ үүднээсээ ерөнхий боловсролын түвшин дэх англи хэлний сургалттай холбоотой одоогийн бодит байдлыг “уудлахыг” зорилоо.
ОДОО Ч ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛТОЙ
Манай улс 2022-2023 оны хичээлийн жилийг 35 110 багштай, 2962 хүний сул орон тоотойгоор эхлүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн намрын байдлаар нийслэл, орон нутгийн сургуулиуд 3000 орчим багшийн дутагдалтай байсан гэсэн үг. Нийт багш нарын 13.1 хувь буюу 4600 орчим нь англи хэлнийх бол сургуулиуд дахь сул орон тооны 13.5 хувь буюу 400 гаруй нь гадаад хэл заах боловсон хүчнийх байж. Ямар хичээлийн багш хамгийн их хомсдолтой байгааг үнэлэхэд бага ангийн, математик, монгол хэл, уран зохиол, англи хэлнийх эхний байруудад оржээ. Хичээлийн жилийн эхэнд 400 байсан англи хэлний багшийн сул орон тооны хэд нь эзэнтэй болсон, мөн хэчнээн хүн нэмж ажлаасаа гарсан нь тодорхойгүй. Сүүлийн жилүүдэд боловсролын салбар хөл хөдөлгөөнтэй, бужигнаантай буй. Багш нар олноороо ажлаасаа гарч, мэргэжлээ солих болсон. Ямар сайндаа л нэг сургуулийн 10 гаруй багш хөдөлмөр эрхлэхээр БНСУ руу явсан гэсэн яриа гарах вэ дээ. Эндээс манай улс англи хэл заах хангалттай хэмжээний хүний нөөцгүй гэдэг нь харагдаж байна. “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030” хөтөлбөрт дурдсанаар 2025 он гэхэд Монгол Улсад 40 мянган багш шаардлагатай болох тооцоо бий. Үүнийг дагаад англи хэлний багшийн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэх нь дамжиггүй. Сурагчдад бага ангиас нь заахаар болбол бүр ч олон багш “хэрэгтэй” болох нь.
Англи хэлний багш хүрэлцээгүй, олддоггүйгээс дунд сургуулиуд мэргэжлийн бус, тэтгэвэрт гарсан, их, дээд сургуульд багшилдаг хүмүүсийг ажиллуулах байдлаар аргацааж ирсэн жишээ цөөнгүй. Багшгүйн улмаас хагас жил орчмын хугацаанд сурагчдадаа англи хэл заагаагүй, хэт олон хүүхэдтэй зарим ангийг хоёр хувааж, долоо, долоо хоногоор ээлжлэн хичээл заадаг сургууль ч байна. Англиар өөрийгөө дөмөгхөн танилцуулж ч чадахгүй шинэхэн багшийг төгсөх ангийнхан нь хичээл заах бүрт элдвээр гоочилж, нүүрийг нь улайлгадаг тухай нэгэн сурагч хэлсэн юм. Энэ бол манай сургуулиудад түгээмэл ажиглагддаг бодит байдлын дүр зураг.
“НУУЦ” УР ЧАДВАР
Ерөнхий боловсролын сургуулиуд ямар хэмжээний мэдлэг, ур чадвартай багшаар англи хэлний хичээл заалгадаг вэ. БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дэргэдэх Гадаад хэлний төвийнхөн хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сард гадаад хэлний багш нарын түвшин тогтоох, үнэлэх судалгааг улсын хэмжээнд хийжээ. Нийт багшийн20 орчим хувь буюу 907-г нь үүнд хамруулсан байна. Гэвч тус байгууллагынхан үүний үр дүнг “нууцын зэрэглэл”-тэй, ноцтой мэдээлэл гээд танилцуулахаас татгалзлаа. Гадаад хэлний төвийн мэргэжилтэн Г.Баянзул “Судалгааны үр дүнг нууцалж байгаа. Ил болговол багш нарыг янз бүрээр хэлж, адлах явдал гарна. Үүнээс болж сэтгэлээр унаж, ажлаа хийх хүсэл эрмэлзэлгүй болох магадлалтай. Олон улсын түвшинд ч ийм мэдээллийг нийтэд ил зарладаггүй. Мэргэжлийн судлаачид ч ингэж зөвлөдөг. Багш нарыг судалгаанд хамруулахдаа ч дүнг нь мэдээлэхгүй, задруулахгүй, зөвхөн дотооддоо ашиглана гэж тохирч байж авсан юм. Энэ судалгааны гол зорилго нь багш нарыг чадавхжуулах сургалт, хөтөлбөр боловсруулах. Үүний дагуу боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд манай байгууллага Боловсролын ерөнхий газартай газартай хамтраад 2022 оны зун англи хэлний 500 орчим багшийг таван долоо хоногийн цахим сургалтад хамруулсан. Намар нь дахин 240 багшийг 100 цагийн онлайн сургалтад оролцууллаа.
“Улаанбаатар дахь Бритиш” сургуулийн англи хэлний танхимын гадаад багш нартай хамтран 40 хүнийг сургагч багшаар бэлтгэсэн” хэмээн ярьсан юм. Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах, заах арга зүйг нь сайжруулах чиглэлээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дэргэдэх Гадаад хэлний төв цаашид олон ажил хийхээр төлөвлөж, бэлтгэж байгааг тэрбээр онцоллоо. Үндсэндээ багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах хэрэгцээ, шаардлага буй гэдэг нь тус мэргэжилтний ярианаас илэрхий байгаа юм. ЭЕШ-ын гүйцэтгэлийн ерөнхий түвшин, багш нарын ур чадварын үнэлгээ зэрэг боловсролын чанартай холбоотой чухал үзүүлэлтийг холбогдох байгууллагынхан энэ мэт шалтгаанаар түрээ барин, санаатайгаар нууцалдаг юм биш байгаа гэсэн хардлага ч төрөв. Монгол сурагчид “тодорхойгүй”, нууцлаг ур чадвартай багш нараар англи хэл заалгасаар иржээ. Харин олон улсын судалгааны байгууллагууд монголчуудыг англи хэлний ур чадвараар тун базаахгүй гэдгийг ямар ч цензур, болгоомжлолгүйгээр ил тод зарлаж байна. “Education first” хэмээх олон улсын байгууллага “Англи хэлний ур чадварын индекс-2022” судалгааныхаа үр дүнд манай улсыг 111 орноос 72-т эрэмбэлжээ.
СУРАГЧДЫН ТАВЬСАН “ДҮН”
Боловсролын ерөнхий хууль дахь дээрх заалтыг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүд, массын ярьж, үзэж байгаагаар бол сурагчдад гуравдугаар ангиас нь англи хэл зааж эхэлмэгц төрөлх хэл, соёлоо умартаж, харь иргэн болчих юм гэнэ. Гэвч манай улсын яг өнөөдрийн сургалтын тогтолцоо, хөтөлбөр, арга барилаар бол хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь гадаад хэлээр “нүдээд ч” тийм хэмжээнд хүрэхгүй. Олон улсын хөтөлбөртэй, гүнзгийрүүлсэн сургалттай, голдуу гадаад багш нараар хичээл заалгадаг хувийн сургуулиудын хувьд ондоо. Харин сурах бичгээс өөр дорвитой хэрэглэгдэхүүнгүй, хичээлийн шахуу цагтай, анги дүүргэлт стандартаас давсан, сургалтын орчин нөхцөл тааруу, мэдлэг, ур чадвараар дульхан багш нартай төрийн өмчийн сургуулиудын хувьд энэ нь тийм ч амар зүйл биш юм. Багшаа, сургалтын хөтөлбөрөө голдог сурагч цөөнгүй бий.
Зуны амралтаараа англи хэлний сургалтад хамрагдаж буй XI ангийн сурагч Э “Би ирэх жил ЭЕШ-аа англи хэл, математик, физикийн хичээлээр өгнө. Тиймээс энэ зунаас эхлээд шалгалтдаа бэлдэх зорилгоор Улаанбаатарт сургалтад хамрагдаж байна. Манай сургуульд өнгөрсөн жилээс шинэ багш англи хэл зааж эхэлсэн. Миний хүссэн хэмжээнд хичээлээ ордоггүй. Дүрэм голдуу заадаг. Бас эх цээжлүүлж, яриулдаг. Өөрийгөө танилцуулах, үзэл бодлоо илэрхийлэх хэмжээнд англиар ярьдаг хүүхэд манай ангид байхгүй. Миний нэрийг тэр гэдэг, би төдөн настай, тэнд амьдардаг, тийм хоббитой зэрэг одоогийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хэмжээнд л ярих байх. Би “Hippocards” аппликэйшн ашиглаж шинэ үг цээжилж, “СhatGPT”-гийн тусламжтайгаар бичих, ойлгох чадвараа дээшлүүлэхийг хичээж байгаа. Энд IX ангийн сурагчидтай хамт сурдаг. Олон чадвараараа тэднээс дутуу гэдгээ мэдэрч, эхэндээ сэтгэлээр их унасан. Харин одоо бол хямрахаа, бас ичихээ байсан” хэмээн ярьсан юм.
Төгсөх ангийн өөр нэг сурагч “Англи хэлгүй л бол хэцүүднэ гэж гэр бүлийнхэн минь намайг шахаж, би ч чадлаараа хичээж байгаа. Зөвхөн хичээлийн хүрээнд үзсэн зүйлдээ найдаж болохгүйг ах, эгч нар маань анхааруулсан. Долоо хоногт хоёрхон удаа ордог 45 минутын хичээл хангалтгүй санагддаг. Англи хэлний 26 цаг, үйл үгийн хувиргалтай холбоотой хичээл заадаг. Үүнийг өчнөөн үзэж байгаа ч үг холбож, өгүүлбэр бүтээж чаддаггүй. Минималист аргаар англи хэл хэрхэн сурах тухай цахим хичээлүүдийг сүүлийн үед бие даан үзэж байгаа. Англи хэлийг бидэнд ийм сонирхолтой, хялбар аргаар ордог болоосой гэж бодсон” гэлээ.
“ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ”
Англи хэлний хичээл үр дүн муутай байгаагийн гол шалтгаан нь нэг талаас сургалтын хөтөлбөрийн чанартай, нөгөөтээгүүр, багш нарын ур чадвартай холбоотой. Харин зарим багш, судлаач нар үүнийг үгүйсгэх хандлагатай байр суурь илэрхийлж байна. Ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлийг ямар түвшинд зааж байгаа, цаашид юунд анхаарах шаардлагатайг тэднээс асуулаа. Гадаад хэлний багш нарын “Зөв тусгал” холбооны тэргүүн, англи хэлний багшаар 18 жил ажилласан Н.Ганзориг “Сурагчдын англи хэлний түвшин муу байна гээд дан ганц багш нарыг буруутгах нь өрөөсгөл. Муу гэж ярих цаг нь ч болоогүй. Багш нар илүү мэргэжлийн, сайн байх шаардлага мэдээж бий. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нар зургадугаар ангийнхны түвшний мэдлэгтэй гэж нийтээр нь дүгнэх зохисгүй. Салбарын сайдыг ингэж хэлсэнд багш нар унтууцаж байгаа. Багш, шавь хоёрын хэлний оноог ч харьцуулах шаардлагагүй. Сурагч нь олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтад найман оноо авсан бол багш нь түүнээс дээш байх ёстой гэх мэтээр харьцуулан жишиг тогтоох шаардлагагүй. Хамгийн гол нь багш хүн заах аргаа мэддэг, сайн чиглүүлдэг байх ёстой. Бид цаашдаа англи хэлийг олон улсын жишгээр яаж зааж, үнэлэх вэ гэдэгт анхаарах ёстой юм. МУИС-ийн Э.Равдан тэргүүтэй герман хэлний багийнхан олон хэлний бодлого хэмээх зүйлийг 5-6 жилийн өмнөөс ярьж, A1, A2, B1, B2, C1, C2 гэсэн Европын Холбооны зургаан түвшний стандартыг мөрддөг болгох тухай хөндсөн. Үүнийг нэвтрүүлбэл багш нарын хүрээнд ч, эцэг, эхчүүдийн хувьд ч кодоор ойлголцох, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм. Багшийг сурагчидтай, хувийн сургуулийнхыг улсынхтай биш, яг тогтсон олон улсын стандартынх нь дагуу үнэлэх нөхцөл бүрдэнэ. Хувийн сургуулиуд мундаг хүүхдүүд бэлтгэж буйтай холбоотойгоор багш нар аяндаа өөртөө “анхаарч” эхэлж байна. Боломж л гарвал багш нарыг гадаад руу явуулж, заах аргыг нь сайжруулан, чадавхжуулах хэрэгтэй. Мянга сонсохоор нэг үз гэдэг” хэмээн ярилаа.
Харин ХААИС-ийн Хэл, соёлын тэнхимийн англи хэлний багш, доктор Ч.Хулан “Өнөөдрийн нөхцөлд багш нарт англи хэлийг үр дүнтэй заах нөхцөл боломжийг олгохгүй байна. Багш нэг дор хэт олон, зарим нь 40-50 хүүхэдтэй ажиллах шаардлагатай болдог. Бужигнасан олон хүүхдийнхээ учрыг олж, наана, цаана нь гарч байтал хичээлийнх нь цаг дуусах жишээний. Багшийг буруутгахаасаа илүү тэдэнд ажиллах боломж олгох хэрэгтэй. 15 хүүхэдтэй ажиллах, 40 сурагчдад хичээл заах нь тэнгэр, газар шиг ялгаатай. Сурагчдын анхаарал төвлөрөх хугацаа маш богино байдаг. Түүнд нь тааруулж, хичээл заах амаргүй. Хүүхдүүд багшаасаа байнга анхаарал, халамж хүсэж байдаг. Хэт олон хүүхэдтэй ангид хичээл заадаг багш тэдний энэ хэрэгцээг хангаж чаддаггүй. Мөн хүүхдүүд практикаар туршиж, өөрийн биеэр оролцсон зүйлээ сайн сурдаг. Гэтэл манай ерөнхий боловсролын сургуулиудад практикт суурилсан сургалт явуулах боломж хомс. Анги танхим нь жижиг, олуулаа суудаг, хичээлийн хугацаа нь богино. Багаар ажиллуулах боломж ч байдаггүй. Багшид сурагчидтай тулж ажиллах цаг олгож, орчин бүрдүүлэх шаардлагатай. Англи хэл сайжруулахад ашиглах хэрэглэгдэхүүн орчин үед баялаг болсон. Янз бүрийн аппликэйшн байна. Тухайн хүний үгийн санд тохирсон бүтээл санал болгодог цахим номын сан хүртэл бий. Багш нар цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж, өөрсдийгөө сайжруулах шаардлага тулгарч буй. Шинэ үеийн хүүхдүүдэд хуучин арга барилаар хуучны мэдлэг олгосоор байвал урагшлахгүй” гэсэн юм. Харин англи хэлний LCT төвийн багш Н.Ганцоож “Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний хөтөлбөр дүрмийн хичээлээр дамжуулан сурагчдын унших, сонсох чадварыг хөгжүүлэхэд голчлон анхаардаг. Харин олон улсын жишиг нь унших, сонсох, ярих, бичих чадварыг цогцоор хөгжүүлэхийг зорьдог. Тухайн суралцагчийн түвшин, ур чадварт илүү анхаардаг гэсэн үг. Үүнд нийцүүлж хэлний хөтөлбөрөө шинэчлэх цаг болсон” гэсэн юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл