Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хоёр орны зах зээлийн орчин нөхцөлийг харилцан сурталчлах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Монголын хөрөнгийн бирж 2021 онд Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлж Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөллийг оролцуулсан “Mongolia capital markets day 2021” вебинар арга хэмжээг зохион байгуулж байжээ.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж