БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи" группийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар ярилцсан байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх албан ёсны хэлэлцээний өмнө “Чайна энержи’ группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил яригдсан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, зарчмын тохиролцоонд хүрчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг харилцан тохиролцсон. Өнөөдрийн уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцлоо. ‘Чайна энержи’ групп цаашид Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.