“Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дотоод, гадаадын нийт 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, үзэсгэлэнгийн эхний өдөр “Арьс ширэн бүтээгдэхүүн”, хоёр дахь “Ноос ноолуурын салбар”-ын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг онцолсон бол өнөөдөр “Хоршоологчид” гэсэн сэдвийн дор зохион байгуулж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнг энэ ил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахын зэрэгцээ “Дэлхийн экспортыг дэмжих форум”-тай хамтатган хийж байна. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогч нар үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэх зорилгоор “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болох шийдвэрийг 2020 онд гаргасан. Ингэснээр экспортлогчдод жил бүрийн энэ өдрүүдэд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, борлуулалтаа өсгөх зэрэг олон таатай боломж бүрдэж байна.