Ихээхэн хэмжээний мансууруулах бодис тээвэрлэх хуйвалдаанд оролцсон хэмээн Либерид баривчлагдаж улмаар АНУ-д хүргэгдэн шүүхээс 20 жилийн ял авсан Оросын нисгэгч Константин Ярошенко 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд эх орондоо буцаж ирэв. Тэрбээр 1968 онд Дон дахь Ростовт төржээ. 1991 онд иргэний нисгэгч бэлтгэх тусгай дунд сургууль төгсөж, төрөлх хотдоо Ан-12, Ан-24, Ан-26, Ан-32 онгоц жолоодох болсон байна.
Ажиллаж байсан газар нь өөрчлөн зохион байгуулагдсан төдийгүй Константины нисэж байсан Ан-32 онгоцыг нь Африкт үйл ажиллагаа эрхлэх арилжааны фирмд зарчихсан тул 2000-аад онд тэнд гэрээгээр зорчигч болон ачаа зөөх болжээ. Ийнхүү хилийн чанадад, ихэвчлэн Африкт үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Ан-32 онгоцоор нэг удаа 50 хүртэлх хүн юм уу, 6.7 тонн ачаа зөөж болно. Ийм онгоцыг хөгжиж буй орнуудад хэрэглэх бөгөөд үүнд орос нисгэгчдийг хөлсөлдөг аж.
2009 онд Ярошенко Гвинейд байхад Британийн иргэн Пэдди Маккей гэгч таарч, Африкт байгаа хуучин Зөвлөлтийн нисэх онгоц арилжих ажилд оролцохыг санал болгов. 2010 оны гуравдугаар сард Пэдди Маккей Киев хотод очоод “зарим хэлэлцээрт” оролцохоор энд ирэхийг хүссэн гэнэ. Сүүлд нь тодорхой болсноор уг хэлэлцээрт Пэддигээс гадна АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх агентлагийн тусгай ажилтнууд Латин Америкийн энэ салбарын голлох хүмүүсийн дүрээр оролцож, Венесуэлээс Либери рүү нэлээд хэдэн тонн хар тамхи зөөхөөр Оросын нисгэгчтэй тохирчээ. Англи хэлээр ярьж ойлгохдоо тааруу Ярошенко хожим нь нотолсноор бол Либерид байгаа Зөвлөлтийн үеийн хуучин Ан-12 онгоцыг хямдхан авчихыг тэд голлон сонирхож байснаас биш, хар тамхины тухай огт ярилцаагүй аж. Ярошенкод мөнгө олоход онгоц хэрэгтэй байтал түүнд засвар хийх зайлшгүй шаардлагатай, онгоц хөөрдөг болоход наад зах нь 700 мянган ам.долларын зардал гарахаар байв. 1950-иад онд үйлдвэрлэсэн уг онгоц 3600 километр хол нисэж чадах атал Венесуэл, Либерийн хооронд 5000 километр зайтай. Тэгээд ч нөгөө Мансууруулах бодистой тэмцэх агентлагийн өдөөн хатгагчид тээвэрлүүлэх ачаагаа загас биш, ямар нэг “үнэт зүйл” гэж нэрлээд байсан болохоор Ярошенко төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Түүнчлэн “Виктор Бутийг мэдэх үү?” гэсэн асуултыг нь нэг их хайхарсангүй. Үнэн хэрэгтээ бол энэ хүний тухай Ярошенко мэдээллийн хэрэгслээс дуулсан байлаа. Түүний ганц хүсэл нь ажилтай болох л байв. Дараа нь түүний ярьснаар “зарим нь онгоц, нисгэгч хэрэгтэй гээд, зарим нь онгоц байгаа, харин түүнийг сайн үзэх хэрэгтэй гээд, надад бол ажил л тун хэрэгтэй байсан” гэсэн аж.
Хямд үнээр зарахаар амласан онгоцыг нь үзэхээр 2010 оны тавдугаар сард Ярошенко Либерид очтол нөгөөх нь ихэд хуучирч муудсан, хөдөлгүүр ч байхгүй эд байв. Байдал нь сэжигтэй санагдсан тул Орос руугаа нисэхээр билет худалдаж авлаа. Тэгтэл тавдугаар сарын 28-нд “Royal hotel” зочид буудлын өрөөнд нь хар, цагаан арьстай зургаан эр дайрч орж ирээд гарт нь гав, толгойд нь хүүдий углан аваад давхисан нь Либерийн аюулгүй байдлын үндэсний агентлагийн ажилтнууд түүнийг баривчилсан хэрэг байлаа. Либерийн эрх баригчид түүнийг сүүлд нь Америкийн Мансууруулах бодистой тэмцэх агентлагийн ажилтнуудад өгч, эцэст нь Ярошенког 4.5 тонн хар тамхи Өмнөд Америкаас Африк руу тээвэрлэж, түүний нэг хэсгийг АНУ-д хүргэх зорилготой ажилласан гэж үзэж гурван өдөр байцаав. Энэ үед унтуулж, уулгаж, идүүлэхгүй, байнга зодож байжээ. Түүний элэг, бөөрийг нь гэмтээж, бараг бүх шүдийг нь булгалсан байна. Оросын нисгэгчийг өдөр, шөнөгүй гурван хүн хянаж, хамтарч ажиллахыг шаардсан гэнэ. Гэр бүлийнхэн, Оросын дипломат ажилтнуудтай холбогдох боломж ер олгосонгүй.
Ярошенко АНУ-ын эсрэг ямар ч гэмт хэрэг хийгээгүй байв. Хууль журмыг нь ч зөрчсөнгүй. Тэгсэн атал Америкийн эрх баригчид түүнийг Либерид Оросын эрх баригчдаас нууцаар баривчлаад боол мэт гинжлэн цэргийн онгоцоор Нью-Йоркод хүргэх хэрэгтэй гэж үзжээ. Манхеттэний шоронд аваачив. Энэ нь үнэндээ Америкийн тусгай албад Оросын иргэнийг хулгайлсан хэрэг байв. АНУ дахь ОХУ-ын Консулын газартай холбож өгөх юм уу, болсон явдлыг Оросын эрх баригчдад мэдэгдэх хүсэлтийг нь хүлээж авсангүй. Түүгээр ч барахгүй өмгөөлөгчийн дүрээр шоронд Ярошенкотой уулзахаар нэг бус удаа хүмүүс ирж, Виктор Бут гэдэг хүний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж байжээ. Хэрэгтэй мэдүүлэг өгвөл эрүүгийн хэргээс чөлөөлж, өөрт нь болон гэр бүлийнхэнд нь Америкт аж төрөх эрх олгож, сайн ажил өгөхөөр амласан гэнэ. Бутийг буруутгахад Ярошенког ашиглах зорилготой байсан аж.
Нью-Йорк дахь Оросын ерөнхий консул Андрей Юшмановын үзсэнээр нисгэгч Ярошенког баривчилснаа Оросын талд мэдээлээгүй нь Консулын талаарх Венийн конвенц, Орос-Америкийн мөн ийм конвецыг зөрчсөн явдал байлаа. Баривчлаад Ярошенког ямар нөхцөлд байлгасан нь ёс суртахууны бүх хэм хэмжээнд харшилсан байдаг. Ярошенког баривчилсныг Оросын тал нисгэгчийн садан төрлийнхнөөс дуулжээ. 2010 оны долдугаар сарын 1-нд ИТАР-ТАСС-д ирсэн мэдээнд “Ярошенко агаарын тээврийн хөлгийн нисгэгч, мэргэжилтний хувиар олон мянган килограмм хар тамхийг Өмнөд Америк, Африк, Европоор зөөсөн байна. Өмнөд Америкаас Либерид, Либериэс Баруун Африкийн бусад газруудад хар тамхи тээвэрлэхэд нисэх онгоц, нисгэгч, багаа ашиглуулж байжээ” гэж өгүүлсэн байв. Баруун Африкт шинэ бааз бий болгох эрмэлзэлтэй, Колумб, Венесуэлд хар тамхины наймаа хийдэг томоохон худалдаачдын төлөөний хүмүүстэй Ярошенко хуйвалдсан талаар уг мэдээнд тодорхой бичсэн байжээ. 2010 оны гуравдугаар сарын эхээр тэрбээр олон улсын хар тамхины наймаачдын бүлгийн нэг хүнтэй Украинд уулзаж, Өмнөд Америкаас Либери рүү 4000 килограмм хар тамхи зөөхөд нь онгоцоо, багаа ашиглуулахыг зөвшөөрсөн аж. Ярошенко “Ан-12, Ил-76 онгоцоо ашиглахыг санал болгож, дэлгэрэнгүй танилцуулгыг нь ажлыг зохион байгуулагчдад цахилгаан шуудангаар илгээсэн” гэж хавтаст хэрэгт мэдүүлсэн байв. Тавдугаар сарын 11-нд тэрбээр Либерийн нийслэл Монровид ирж далай давуулан хийх үйл ажиллагааныхаа нарийн ширийнийг тохиролцоход хэдэн өдөр зарцуулжээ. Тус хүргэснийхээ хариуд орос нисгэгч зургаан сая ам.доллар хүссэн байна. Хар тамхи ачсан онгоц тавдугаар сарын 26-нд Венесуэлиэс хөөрч маргааш өглөө нь эрт Либерид ирэх ёстой байв. Онгоц ирсэнгүй. Тэгтэл Венесуэлийн эрх баригчид онгоцыг олзолж, тус улсаас гарч явахыг наймаачдаас шаарджээ. Америкийн мансууруулах бодистой тэмцэх агентлагийн албан ёсны төлөөлөгч Даун Дарден “Ярошенког тавдугаар сарын 28-нд Либерийн эрх баригчид баривчилж, хоёр хоногийн дараа Америкийн Хууль зүйн яаманд хүлээлгэж өгсөн” гэж хэлсэн байгаа юм. Ярошенкогийн америк өмгөөлөгч Сэм Шмидт “Миний үйлчлүүлэгч үнэндээ ямар ч хэрэг хийгээгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан байдаг.
Гэлээ ч шүүх хурал болж, таван хүнийг албан ёсоор ялласны дотор Ярошенко багтжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Константин Ярошенко нисгэгч, агаарын тээврийн шинжээч бөгөөд олон мянган килограмм хар тамхи зөөсөн. Өөрийнх нь мэдэлд байдаг таван нисэх онгоцоор хар тамхи тээвэрлэсэн гэж тэрбээр мэдүүлсэн” гэж бичсэн байв. Үүнийг нь харин орос нисгэгч шууд үгүйсгээгүй аж. Онгоц нь тив хооронд ачаа зөөх зориулалтгүй байсан. Ярошенко хар тамхины явдалд ерөөс оролцож байгаагүй тул буруу байхгүй гэдгээ мэдэгдсэн ч шүүгч Жедд Рейкофф огт хайхарсангүй. Түүний үгээр бол мансууруулах бодис эцсийн эцэст АНУ-д очно гэдгийг гэмт хэрэгтнүүд мэдэж байжээ. Америкийн талын гэрч ч энэ ачааны зарим хэсэг нь Нью-Йоркод очно гэж хуйвалдаанд оролцогчид мэдэж байсан нь тэдэнтэй үг солиход анзаарагдсан хэмээж байжээ.
Хүүдийнд хийсэн 200 килограмм шахам хар тамхийг дипломат шуудантай хамт “Delta” компанийн онгоцоор Гана улсаас Нью-Йоркод илгээсэн гэж прокурор мэдэгдсэн байна. Барааг Венесуэлиэс Либери рүү, дараа нь Гана руу тээвэрлэх ажлыг хариуцсан хүмүүсийн дотор Ярошенко орсон аж. Тэрбээр Киевт Америкийн агентлагийн төлөөний хүнтэй уулзахдаа үүнийг зөвшөөрсөн гэж үздэг. Үнэн хэрэгтээ бол ямар ч мансууруулах бодис, тэр ч бүү хэл, нисэх онгоц ч байсангүй. Гэлээ ч 2011 оны дөрөвдүгээр сарын 28-нд тангарагтны шүүхийн 12 шүүгч Ярошенког буруутай гэж үзэж шийдвэрээ гаргажээ. Энэ үед Виктор Бут Тайландад байж, өөрөөр хэлбэл, түүнийг АНУ-д шилжүүлж өгөхөөс өмнө энэ бүхэн болж өнгөрчээ. Энэ талаар Америкийн хараат бус сэтгүүлч Майкл Васюра дараах тайлбарыг өгсөн байна. Тэрбээр “Би тангарагтны шүүхийн нэг шүүгчийг олж уулзахад Ярошенкогийн эсрэг санал өгсөндөө харамсаж байсан. Харин Константин Ярошенко өөртөө ямар ч буруу хүлээсэнгүй. 2010 оны есдүгээр сарын 7-нд шүүх түүнийг их хэмжээний хар тамхи зөөсөн, нэлээд хэсгийг нь АНУ-д борлуулахаар аваачсан хэрэгт буруутай гэж үзэж 20 жил хорих ял өгөв. Суллагдсаныхаа дараа Ярошеко сэтгүүлчийн асуултад хариулахдаа “АНУ-д үнэний шүүх гэгч юм байхгүй юм шиг санагдсан. Дан худал, зохиомол баримт бүрдүүлж хүнийг ялладаг. Би Америктай холбоотой бүхнийг үзэн яддаг” гэжээ.
Ярошенко Америкийн хэд хэдэн шорон дамжин хоригдож олон жилийг өнгөрөөв. “Миний 12 жилийг шоронд өнгөрүүлж, намайг тахир дутуу болгосон”. Шорон шорон дамжаад, өмгөөлөгч нь байнга солигдож, зөвшөөрөл өгч утсаар яриулчихаад багагүй мөнгө нэхнэ. Тэгтэл 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд түүнийг америк эр Тревер Ридээр солив. Энэ хүн согтуудаа цагдаа нарт гар хүрсэн хэргээр 2020 оны зун шүүхээс есөн жилийн ял авсан тэнгисийн явган цэргийн алба хаагч ажээ. Ярошенко өөрийг нь суллана гэж ер бодож байсангүй. Онгоцонд суусан хойноо л аргагүй итгэж. Орос эрх орондоо хөл тавиад “Өнгөрсөн жилүүдэд надад хүмүүн бусаар хандаж байсан. Надад ингэж хандсан хүн бүрт хариуцлага хүлээлгэхийг хичээх болно. Ямар ч байсан шударга шийдвэрт хүрэхийн төлөө тэмцэнэ. 12 жилийн хугацаанд эрүүл мэндээ, ойр дотныхноо алдсан. Охин минь хэрхэн өсөж том болохыг хараагүй” гэж хэлж байжээ. Өөрөөс нь салж амьдралаа шинээр эхлэхийг гэргий Викториядаа зөвшөөрсөн ч нугаршгүй энэ бүсгүй уг саналыг хүлээж авсангүй. Харин нэг жилийн өмнө нөхөр нь солилцоогоор эргэж ирэхэд сэтгэлээ барьж чадалгүй “Амьдралынхаа хагасыг алдсан. Одоо бүгдийг залуу цагийнх шигээ шинээр эхлүүлнэ. Би бүгдэд бэлэн. Гол нь тэр минь хажууд байна” гэж хэлжээ. Ярошенкогийн эрүүл мэнд эрхбиш сайжирч, тэгэхдээ мэргэжлийн ажлаа хийж, нисэж чадах нь юу л бол. Өөрт тохиолдсон бүхнээ өгүүлсэн ном бичих бодолтой байгаа аж. “Америкийн эрх баригчид гэж хэн бэ. Өрнөдийн ертөнц бүхэлдээ чухам юу болох талаарх үнэнийг дэлхийн сонорт хүргэхийг хүсэж байна. Тэнд давхар стандарт гээч байдгийг, хүний эрхийн талаар Өрнөдөд юу ч байхгүй тухай ярьмаар байна. Америкийн суртал нэвтрүүлгийн хуурамч машин гээч чухам юу болохыг баримтаар харуулахыг хүсэж байна” хэмээн Константин Ярошенко өгүүлсэн байна.