Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт энэ сарын 26-28-ны өдрүүдэд болж байна. Чуулганы хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад олон улсын төлөөлөгчид тус арга хэмжээг нээж үг хэллээ. Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх чиглэлээр хэтийн зорилго танилцуулсан юм.
Өнөөдөр бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдийг онцолж, тэд ногоон болон дижитал худалдааны чиглэлээр санал, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих салбар хуралдааныг зохион байгуулах юм. Дэлхийн нийт хүм амын 40 гаруй хувийг 25-аас доош насныхан эзэлж байна. Мөн ногоон бизнес болон төслүүдийг танилцуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуу бизнес эрхлэгчид өөрсдийн ногоон гарааны бизнесээ шүүгчдийн зөвлөлийн өмнө танилцуулж, 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчид ногоон бизнесийн шийдэл, байгаль орчны нөхөн сэргээх санаачилга гэсэн хоёр төрлөөр өрсөлдөх юм. Сүүлийн шатанд шагналын төлөөр өрсөлдөхөөр Бангладеш, Египет, Гана, Энэтхэг, Индонез, Мадагаскар, Монгол улсаас өрсөлдөж буй бизнесүүд шалгарчээ.
Хөгжлийг хурдасгах худалдаа, экспорт, бизнесийн талаар ярилцах энэхүү хурал экологид ээлтэй, ногоон худалдааг төрөлжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган нь жижиг дунд бизнесийн өргөн төлөөлөл, эмэгтэй, залуу бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагуудын дуу хоолойг нэгтгэж байгаагаараа онцлог юм.
Mongolia SheTrades нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор ОУХТ-өөс санаачилсан хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн Монгол Улс дахь төвийн нээлт зургадугаар сарын 28-нд болно. Ингэснээр Монгол Улс дэлхийн 10 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй SheTrades хөтөлбөрт нэгдэх юм. Тус төв нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх чадавх, институцийг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын орчныг сайжруулах замаар эмэгтэйчүүдэд практик сургалт явуулж, эмэгтэйчүүдийн бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.