Монголд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үйл ажиллагаа улам бүр сайжирч, зах зээлийнх нь үнэлгээ өссөөр өнгөрсөн сарын байдлаар 10.3 их наяд төгрөгт хүрэн түүхэн дээд амжилт үзүүлэв. Уг түүхэн өсөлт, амжилтад банкны салбарын реформ болон төрийн өмчит компанийн хувьчлал, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бондын арилжаа зэрэг нь чухал нөлөө үзүүллээ хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл цөөнгүй. Тухайлбал, 2023 онд “Монголын хөрөнгийн бирж”-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн 79 компани байгааг энэ сарын эхээр мэдээллээ. Уг компаниудын үнэт цаасны хөрвөх чадвар хангалтгүй, хувьцааных нь арилжаа идэвхгүй, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэсэн нийтлэг үндэслэлтэй байжээ. Улмаар дээрх компаниудад МХБ, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага хүргүүлж, цаашид авах арга хэмжээнийхээ талаар зургадугаар сарын 20-ны дотор эргэн мэдэгдэхийг анхааруулсан юм.
Тэгвэл өчигдрийн байдлаар нэр бүхий компаниуд ямар ч мэдэгдэл ирүүлээгүй аж. Энэ талаар МХБ-ээс “Биржийн бүртгэлээс хасагдах нөхцөл бүрдүүлсэн нэр бүхий компаниудад мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Бүртгэлийг шинэчлэх, компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор жил бүр ийм арга хэмжээ авдаг. Хасагдаж буй компанийн дийлэнх нь нөлөө бүхий, цөөн хувьцаа эзэмшигчтэй буюу хөрөнгө нь хэдхэн хүнд төвлөрсөн байгаа юм. Үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дүрэм журмын дагуу ажиллах, хувьцааны ханшаа өсгөх, арилжих зэрэгт санаа тавиагүй гэсэн үг. Тиймээс биржийн бүртгэлээс хасах бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай, эсвэл хаалттай компани болно гэсэн үг” гэлээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн биржийн бүртгэлээс хасаад л орхидог бөгөөд ямар хариуцлага тооцохыг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх аж.
2008 оноос энэ оны зургадугаар сар хүртэлх хугацаанд МХБ-ийн бүртгэлээс 230 компанийг хассаныг мэдээллээс нь харж болно. Нэмээд 79 аж ахуйн нэгжийг бүртгэлээс хасах нь. Эдгээр компанийн хувьцааг цөөн хүн эзэмшдэг, эд хөрөнгөгүй, үйл ажиллагаагаа зогсоогоод удсан гэх боловч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж буй үйлдэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ талаар жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хоёр хүний үгийг сонирхуулъя. Баянгол дүүргийн II хорооны иргэн Ц.Авирмэд “15 орчим жилийн өмнө би “Зүүн хараа өргөө” компанийн хувь эзэмшигч болсон юм. Архи, спирт үйлдвэрлэдэг тус компани тун ашигтай ажиллахаа илэрхийлж, жил бүр ногдол ашиг тараана хэмээн сурталчилж байсан учраас хувьцааг нь худалдан авсан.
Гэтэл ногдол ашгийг цэвэр ашгаас тараана гэсээр хэдэн жил өнгөрч, 2013 онд МХБ-ийн бүртгэлээс хасагдан, бүр дампуурсан. Би хөрөнгө оруулсны хариуд нэг ч төгрөг, нэг ширхэг ч бүтээгдэхүүн аваагүй. Хэнд хандахаа ч мэдэхгүй явсаар өнгөрсөн” гэж ярив. Тэгвэл Чингэлтэй дүүргийн иргэн Г.Хандсүрэн “Харгиа” компанийн хувьцааг худалдан аваад, хөрөнгө оруулалт хийлээ, үр шимийг нь хүртэнэ дээ гэж бодож байлаа. Тухайн үед буюу 2007 онд багагүй мөнгөөр хувьцаа худалдан авсан ч өдий хүртэл нэг ч төгрөгийн ногдол ашиг, өгөөж хүртээгүй. Би ч хөөцөлдөж үзсэнгүй” гэлээ. Энэ бол наад захын л жишээ. Дээр дурдсанчлан МХБ-ийн бүртгэлээс хасах, хасагдсан компанийн үнэт цаасыг худалдан авсан, хөрөнгө оруулсан олон хүн байгаа нь дамжиггүй. Тэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй, ямар боломжоо алдсан тухай ойлголтгүй л байгаа хэрэг. Энэ талаар эдийн засагч А.Батпүрэв “Хувьцаат компаниуд дүрмийн бус ажилласан, хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг зөрчсөн асуудал нь бараг өмч хувьчлалын үеэс л эхлэлтэй.
Төрийн өмчийг хувьчилж авсан, авахдаа иргэдэд олгосон цэнхэр, ягаан тасалбар болон шууд хөрөнгө оруулалтыг ашигласан нь түгээмэл. Хувьцаат компанийг татан буулгасан, хэлбэрээ өөрчилсөн тохиолдол бүрт хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөнө. Жижиг хувьцаа эзэмшигчид эхний ээлжид томоохон хувь нийлүүлэгчдээ гомдол мэдүүлж, хариуцлага нэхэх ёстой. Тэд хувьцаагаа эргүүлэн худалдан авах, хөрөнгөө борлуулсан тохиолдолд хувь өгөх үүрэгтэй. Хэрэв асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй бол СЗХ-нд хандах учиртай. Гэхдээ СЗХ ямар хариуцлага хүлээлгэдэг нь тодорхойгүй. УИД, “Номин” зэрэг томоохон компанийн жижиг хувьцаа эзэмшигчид гомдол гаргаад, шүүхэд хандсан ч амжилт олоогүй гэж ойлгодог. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулсан л бол үргэлж хариуцлага нэхэж, үйл ажиллагаанд нь хяналт тавих ёстой” гэсэн юм. Үүнээс гадна 1991-1994 онд цэнхэр, ягаан тасалбар худалдан авсан 250 000 орчим иргэний найман тэрбум орчим төгрөг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж буй гэсэн тооцоо байдаг. Энэ нь мөн л хувьцаат компани татан буугдсан, МХБ-ийн бүртгэлээс хасагдсан, улмаар жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалаагүй зэргийн илэрхийлэл гэдгийг А.Батпүрэв онцолсон юм.
Манай улсад 1991 оноос хэрэгжүүлсэн өмч хувьчлалын үр дүнд төрийн өмчид байсан аж ахуйн нэгжүүдийг ард түмэнд хувааж эзэмшүүлснээр 480 орчим хувьцаат компани бий болжээ. Өмч хувааж, хувьцаа эзэмшүүлсэн нь ард түмнийг хөрөнгөтэй болгосон гэж нэг талаас харагдаж байсан ч тухайн хөрөнгийг зөв захиран зарцуулсан, үр ашигтай ашигласан, эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Үүнийг дагаад тухайн компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд аж ахуйн нэгжийн хувь заяаг өөрийн хүсэл эрмэлзэлдээ нийцүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг үл тоомсорлох зэрэг асуудал бий болсон. Мөн нээлттэй хувьцаат компанийн мэдээлэл ил байдаг учраас хаанаас ч, хэн ч үнэт цаасных нь арилжаанд оролцон, өөртөө болон компанид хөрөнгө оруулж болно гэсэн үг. Энэ ч утгаараа МХБ-д бүртгэлтэй байх нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэх нэг нөхцөл болох магадлалтай юм байна. Эдгээр асуудлыг хэрхэн зохицуулж буйг СЗХ-ныхоос тодрууллаа.
Тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн “Хувьцаат компани татан буугдсан, хэлбэрээ өөрчилсөн, МХБ-ийн бүртгэлээс хасагдсан тохиолдолд СЗХ-ноос авах арга хэмжээ байхгүй. Харин жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдсөн, ямар нэгэн байдлаар хохирсон гэж үзвэл томоохон хөрөнгө оруулагчдадаа эхлээд хандана. Хэрэв асуудлаа шийдвэрлүүлээгүй бол шүүхэд хандаж болно. Хувьцаа эзэмшигчдийн өмнөөс СЗХ шүүхэд нэхэмжлэл гарган өгч ч болно. Одоогоор үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал ирүүлээгүй” хэмээв. Үүнээс үзэхэд, хувьцаат компаниудад их, бага хэмжээгээр хувь нийлүүлсэн иргэд эрх ашгаа хамгаалахдаа анхаардаггүй, хэнд хандахаа мэдэхгүй байдал цөөнгүй аж. Нөгөөтээгүүр, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хангах талаар олон жил ярьж буй ч МХБ, СЗХ болон бусад байгууллагаас дорвитой арга хэмжээ аваагүй, иргэд гомдол санал ирүүлээгүй гэсэн шалтгаан хэлсэн хэвээр.