Гаалийн ерөнхий газраас “Цахим гааль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Он гарснаас хойш ААН-ийн цахим бүрдүүлэлт УБГГ дээр 44 хувь өсчээ. Мөн иргэдийн хувьд цахимаар мэдүүлэх нь УБГГ-ийн хүрээнд 70 хувь өсчээ. Гаалийн байгууллагууд дотооддоо ашиг сонирхол, хүнд суртлыг багасгах үүднээс байцаагч нарын ажил үүргийн хуваарийг цахимжуулсан байна. Тодруулбал, УБГГ нь 13 хяналтын бүстэй, 34 гаалийн тусгай бүс, 6 татваргүй барааны дэлгүүр зэрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Сар бүр байцаагч нар хуваарийн дагуу томилогдож гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байсан бол дээрх хуваарийг 4 сарын 1-нээс эхлэн хүнээс шалтгаалахгүй цахим хэлбэрт шилжүүлээд байна.
Дэлхийн гаалийн байгууллагын “Цахим гааль” тунхаглалд 53 орон нэгдэн орсон байдаг. Энэ нь өнөөдөр Монгол Улсын гаалийн байгууллагын хэрэгжүүлж байгаа туршилтаар нэвтрүүлж эхэлсэн цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаа юм. 2000 онд Япон, БНСУ улс цахим бүрдүүлэлтэд шилжсэн бол 2003 онд ОХУ, 2018 онд БНХАУ оржээ. Өнөөдрийн байдлаар УБГГ-аас гадна 9 газар хороо энэ цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хамрагдаад импортын бүрдүүлэлтээ хийгээд явж байна.