“Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн танилцуулга” уулзалтын үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Сие Жүн, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү, Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп, “Өвөрмонголын эрчим хүч” ХХК-ийн ерөнхий захирал Ван Вэй Гуан нарыг хүлээн авч уулзлаа.
ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү “Хоёр орны бизнес эрхлэгчдийг холбосон уулзалтыг хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уламжлав. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтад сэргээгдэх эрчим хүчний олон компанийн төлөөлөл ирсэн” гэдгээ илэрхийллээ. Мөн ӨМӨЗО нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд анхаарч, нүүрсийг байгалийн хий болгох технологийг хөгжүүлж, нарны болон салхины эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийж байна. Цаашид хилийн боомтыг түшиглэн сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцоллоо.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Монгол Улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой нэмэгдүүлэх хангалттай нөөц бий хэмээн тодотгоод, Монгол Улсын Засгийн газрын бодлого сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа”-г онцлов.