Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Бүртгэлд 133 иргэн материалаа ирүүлжээ. Эхний шалгаруулалт болох бичиг баримтын бүрдэл, сургуулийн эрэмбэ, хэлний оноо зэрэг үзүүлэлтээр 33 суралцагч шаардлага хангаагүй. Тиймээс хоёр дахь шатны шалгаруулалтад 100 оролцогч үлдээд байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу БЗС-ийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүний оролцоогүй болгох зорилгоор тогтоол гаргасан. Тус тогтоолын дагуу 2023 онд дэлхийн шилдэг сургуульд суралцахаар бүртгүүлсэн шалгуулагчдыг суралцах чадварын үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэжээ. Суралцагчид эхний үе шатуудаас цуглуулсан оноо болон суралцах чадварын үнэлгээний нийлбэрээр эрэмбэлэгдэж, эхний 50 нь санхүүжилтийн эрх авна.
Суралцах чадварыг үнэлгээг танин мэдэхүй, хувь хүний өсөлт хөгжил, хүн хоорондын харилцааны чадваруудаар үнэлнэ. Тус үнэлгээний дараа шалгуулагчдын материалыг шууд засалтын төхөөрөмжид уншуулж, автоматаар эрэмбэ үүсэх юм. Цаашид БЗС-ийн сонгон шалгаруулалтад дээрх технологийг ашиглана.
Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг гаргахдаа “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World universities” байгууллагын тогтоосон 2023 оны эрэмбийг баримтлах юм байна.