“Бичил эй би эс актив ТЗК” ХХК-ийн гаргасан “Бичил 2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлсэн тухай Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Нэрлэсэн үнэ нь 100 000 төгрөг, жилийн 18.5 хувийн хүү, 24 сарын хугацаатай, хүүг нь улирал тутам төлөх 200 000 ширхэг үнэт цаасны захиалгыг энэ сарын 28-ны 17.00 цаг хүртэл авахаар төлөвлөж байжээ. Гэхдээ захиалга нь санал болгож буй үнийн дүнд (20 тэрбум) хүрсэн тохиолдолд эл ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй байсан юм. Үндсэн төлбөр төлөх хугацаа нь хоёрдогч зах зээлийнх нь арилжааг эхлүүлсэн өдрөөс 12 дахь сарын дараа 50, 24 дэх сарын дараа үлдэх 50 хувь байх энэхүү ХБҮЦ-ны захиалга эхний өдрөө буюу өчигдөр дээрх үнийн дүнд хүрсэн тул хаалаа. Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржид ХБҮЦ арилжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд одоогоор дээрх ХБҮЦ-наас өмнө найман ийм үнэт цаас бүртгэж, анхдагч зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн аж.
Бэлтгэсэн: Б.Сонор