Өмнөговь, Дундговь аймгийн зарим сумд аялж зугаалах, тээвэр хийхэд шатахуун олдохгүй, үнэ нь өндөр байгааг зарим иргэн дуулгалаа. Энэ талаар Өмнө говь аймгийн нэгэн иргэнээс лавлахад “Даланзадгадын шатахуун түгээх станцуудад хомсдол үүсээгүй, хэвийн ажиллаж байна. Гэхдээ сумдад шатахуунд дугаарлах, зарим үед авч чадахгүй нөхцөл үүссэн. Эрэлт их, зорчигч олон байгаатай энэ нь холбоотой байх. Түүнчлэн шатахуун жижиглэнгээр борлуулдаг цистернүүдээс иргэд дизелийн түлшийг литрийг нь 4000, АИ-92-ыг 3000 гаруй төгрөгөөр худалдан авч буй нь зах зээлийн дунджаас 500 төгрөгөөр ахиу дүн” гэлээ. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын холбооноос дээрх аймгуудад АИ-92 шатахууны хомсдол үүсэн, жуулчдын аялалд хүндрэл учирч буйг дурдлаа. Тиймээс тус холбооныхон Монголын газрын тос импортлогчдын мэргэжлийн холбоо, УУХҮЯ-нд хандан, арга хэмжээ авахыг хүсжээ. Шатахууны нийлүүлэлт, нөөц ямар байгаа талаар АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргалаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар (өчигдөр) улсын хэмжээнд шатахууны дунджаар 20 хоногийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн байна. Ирэх наймдугаар сард Ангарскийн нефтийн үйлдвэрт засвар хийхтэй холбоотойгоор нийлүүлэлт багасаж магадгүй. Тэр үед өөр компаниас худалдан авахаар зохицуулна” гэлээ. Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар Улаанбаатарт АИ-95 бензин литрнь дунджаар3710, дизелийн түлш 3490, АИ- 92 шатахуун 2390 төгрөгийн үнэтэй байв.