Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хурлаас гаргасан шийдвэрийг Л.Энх-Амгалан танилцуулж байна. "Энэ намар гурван ээлжээр хичээллэж болзошгүй зургаан сургууль байна. Намар 20 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Тиймээс хот болон хөдөөд барьж буй 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа сургуулийг ирэх есдүгээр сард дуусгахыг хичээнэ. Үгүй ядаж хүйтний ам наашлахаас өмнө дуусгах зорилт тавиад ажиллаж байна. Сургуулийн ачаалал нэмэгдэхтэй холбоотойгоор 424 багш ажилд авна. 40 гаруй сургуулийн өргөтгөлийг шийднэ. Сургуулийн ойролцоох зориултын бус барилгуудыг түрээсэлж тохижуулна" гэлээ.
Түүнчлэн англи хэлийг гуравдугаар ангиас заах, эсэх асуудалд "УИХ-ын зарим гишүүн ташаа мэдээлэл өгч иргэдийг бухимдуулсанд туйлын харамсаж байна. Өөртөө оноо авах гэсэн л үйлдэл. Сургалтын хөтөлбөрт 2024 оноос шинэчлэл хийнэ. Үүний дагуу гурав, дөрөвдүгээр ангийнханд англи хэл заана. Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбоотой ганц англи хэлийг тойрч маргах учиргүй. Хот, хөдөөгийн хүүхдийн сургалтын чанар, сургуулийн ялгааг арилгана. Дунд сургуулийн хичээлийг хуулиар биш хөтөлбөрөөр заадаг. Хуульд ороогүй болохоор л хүүхдэд заахаа больчихгүй. Улсын 860 сургууль 2024 оноос бүгд англи хэлийг гуравдугаар ангиас орно. Багц хуулиар мөн бид Засаг дарга сургууль, цэцэрлэгийн захирлыг томилдог асуудлыг болиулна. Дээр нь цахим шилжилт хийж, ахлах ангийн сурагчдад танхимаар болон онлайнаар хичээл зааж эхэлнэ" гэлээ.