НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад зургадугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.
НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Фатима айлчлалынхаа үеэр Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үндэсний зохицуулагчдын уулзалтад тус тус оролцож, хоёр талын зарим уулзалт хийнэ.
Энэхүү айлчлал нь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.