ХХААХҮЯ-ны Таримал ургамлын улсын сорт сорилтын зөвлөлөөс хөх далан хальс жимсний “Бакчарский великан” сортыг ирээдүйтэй сортоор баталжээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид дээрх жимс тарих боломжийг 10 гаруй жил судалсны үр дүнд шинэ сорт нутагшуулсан юм байна. Энэ нь манай улсын байгаль, цаг уурын нөхцөл, хөрсний шинж чанарт тохирсон аж. Хөх далан хальс нь олон төрлийн аминдэм, кальци, магни, манган, төмөр зэрэг эрдэс ихтэй, харшлын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын агууламжийг бууруулдаг, эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой жимс гэнэ. Мөн эрт болцтой буюу зургадугаар сарын эхний 20 хоногт боловсордог давуу талтай юм. Эл жимсийг Монголд 2018 оноос тариалж эхэлсэн бөгөөд энэ хавраас шинэ сортоор нь дээрх хүрээлэнгийн нэг га талбайд тарьсан байна.