Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг өчигдөр танилцууллаа. Тус тайланд хамруулсан 64 улсаас Монгол 62 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 0.64 оноогоор буурч, нэг байр ухарсан үзүүлэлт юм. Монгол Улс эдийн засгийн сорилтыг сөрөх чадвар муу, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд нь хүнд сурталтай, санхүүгийн ур чадвар тааруу, орчны бохирдол ихтэй зэрэг нь ийм “дүн” авахад нөлөөлжээ. Өрсөлдөх чадвараараа Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд зэрэг улс тэргүүлсэн байна.
Тэгвэл манай улсаас гадна Бразил, Өмнөд Африк, Аргентин, Венесуэл сүүл мушгижээ. Харин Украин болон ОХУ-ыг өмнөх жилийн адил судалгаанд оруулаагүй аж. Цар тахлын дараа эдийн засаг нь хожуу сэргэсэн орнууд өрсөлдөх чадвараа сайжруулж, эрт хилээ нээсэн улсуудын эдийн засгийн өсөлт удааширсан дүр зураг ажиглагджээ. Энэ судалгааг Дэлхийн өрсөлдөх чадварын болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв хамтран гаргасан юм. Улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйл, 335 шалгуураар харьцуулан эрэмбэлсэн аж.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн