Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 21 гишүүн санаачлан, өргөн барьж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн ийм үед бэлчээрийг ашиглах, хамгаалах чиглэлээр эрхзүйн зохицуулалт хийх шаардлага бий. Дээрх хуулийн төсөлд 3 чиглэлд зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд: Бэлчээр ашиглалтыг сайжруулах, Бэлчээрийн харилцаанд оролцож байгаа оролцогчдын чиг үүргийг тодорхойлж, хариуцлагыг тогтолцоог бий болгох, Бэлчээрийг зохистой ашиглаж, нөхөн сэргээх асуудлыг тусгажээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа өнгөрөгч дөрөв, тавдугаар сард хөдөө сумдаар бүсчилсэн хэлэлцүүлэг хийж, малчдын санал шүүмжлэлийг оруулсан байна. Мөн отор нүүдлийг зааглах, бэлчээрийн даац малын тоо толгой уялдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн харилцааны хүрээнд бэлчээрийг хэрхэн ашиглах, хамгаалах хамтын харилцааг нарийвчлан тусгажээ.