Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж өчигдөр Олон улсын валютын сангийн Төсвийн асуудал хариуцсан хэлтсийн ахлах эдийн засагч Гуохуа тэргүүтэй, манай улсын хөрөнгө оруулалтын удирдлагад үнэлгээ хийх төслийн ажлын хэсгийнхэнтэй уулзжээ. Монгол Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээг 2016 онд хийж байв. Эл үнэлгээгээр манай улс хөгжиж буй бусад орноос доогуур оноо авсан бөгөөд ОУВС-гаас зөвлөмж өгсөн билээ. Тодруулбал, төсвөөс гадуурх төслийг улсын төсөвт шилжүүлэх, шинэ стандарт арга зүй, үнэлгээний шалгуураар төслийн үнэлгээ, сонгон шалгаруулалтыг сайжруулах, барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулахыг хориглох зэрэг зөвлөмж өгсөн юм. ЭЗХЯ-наас өнгөрсөн хоёрдугаар сард ОУВС-д хүсэлт тавьсны дагуу манай улсын хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээг шинэчлэн хийхээр болсон аж. Тус сангийн ажлын хэсэг ирэх өдрүүдэд Сангийн яам, ЗТХЯ, ЭМЯ болон төрийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын орчинд дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгөх гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор