Монголын Эдийн Засгийн Форум нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх үндэсний тэргүүлэх чуулга уулзалт юм. Долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2023”-т 1500 оролцогч оролцохоос гадна 5 өөр байршилд нэгэн зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монголын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэх бол тус өдрийн үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавина.
Монголын эдийн засгийн чуулганаар тогтвортой хөгжлийн бодлогыг онцлоно. Тодруулбал, эхний өдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого”, “Монголын эдийн засаг ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор Хөдөлмөрийн зах зээл, Дижитал шилжилт ба И-бизнес, Худалдааны боломж-Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ үйлдвэрлэл-Хүнсний үйлдвэр, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт, Шинэ боломж-Аялал жуулчлал зэрэг салбар хуралдаанууд болох юм.
Харин 2 дахь өдрийн хуралдааны үндсэн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьж, нэгдсэн хуралдаан “Шинэ ирээдүй-шинэ боломж”, “Дэд бүтэц” сэдвийн дор Хөрөнгө оруулалтын орчин, Ирээдүйн хөгжил-Газрын ховор элемент, Зэс, Уран, Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, Салхи, Устөрөгч, Ашигт малтмалын салбар, сайжруулах орон зай, Банк санхүү, Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж-Далайд гарцгүй орон, Хөрөнгийн зах зээл, Уул уурхайн тээвэр, логистик, Ногоон хөгжил-Ногоон санхүүжилт сэдэвт салбар хуралдаанууд болно.
"Монголын эдийн засгийн чуулган-2023" арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, Рио Тинто группын ТУЗ-ийн дарга Доминик Бартон нар оролцож, хүндэт зочны илтгэл тавина.
Чуулганы зочдод 7 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний их баяр наадмын нээлтийг үзүүлж, “Соёлын наадам” фестивал, Хурдан морины уралдаан, Сур харваа сонирхуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.meforum2023.mn