Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д 800 оноо авсан сурагчдаар тал тохой татаж, нутаг ус, жалга довоороо талцан шуугьдаг өдрүүд үргэлжилсээр байна.
Их сургуулийн нэгэн доктор “Хомоол хамдаг Сүхбаатар аймаг энэ жил огцом дээшилж” хэмээн егөөтэй нь аргагүй бичсэн байхад өөр нэг нь “Баян-Өлгийнхөн дахин улны аймгаар шалгарч” гэж маазарчээ.
БШУ-ы сайд нь хүртэл “Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1214, газар зүйгээр 803 төгсөгч шалгалт өгснөөс ганцхан сурагч 800 оноо авсан нь тэр байлаа” хэмээн бахархалтай нь аргагүй бичээд “Дүүдээ баяр хүргэе” гэх дотно үгсээр баярын мэндчилгээ дэвшүүлэн попорчээ.
Өнгөрсөн жилийн шалгалтын дүнг энэ оныхтой хольж хутгасан зарим нь “Манай аймаг нийлбэр оноогоор тэргүүлж” хэмээн хөл хөөрцөг болж байхад нөгөө хэсэг нь “Тэр аймгийнхан сургалтын чанартаа анхаарна биз” гэж бусдадаа сургамж хайрлаж байх юм. Дээд оноо авч, хүссэн сургуульдаа элсэхийн төлөө хичээл зүтгэл гаргасан багш, сурагчдын буруу гэж юу байх вэ. Харин юухан хээхнээр ч маргаан, тэмцэл өрнүүлж, сав л хийвэл манай, танайдаа тулдаг хүмүүс элсэлтийн шалгалтын ач холбогдол, үр дүнг бүдгэрүүлж, асуудлын гол цөмийг өөр тийш чиглүүлж байгаа нь зохисгүй юм. Ерөөс Монголд жилийн жилд ийм үйл явдал болдог. Уг нь ЭЕШ манай улсын боловсролын чанар, суралцагчдын мэдлэг, ур чадвартай холбоотой олон зүйлийг бидэнд “хэлж”, анхааруулж байдаг юм. Даанч үүнийг нь олж харалгүй хоосон хөөрцөглөж, сохроор тэмцэлддэг нь харамсмаар.
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДДӨГГҮЙ ЖАГСААЛТ
Боловсролын үнэлгээний төвийнхөн ЭЕШ-ын дүн мэдээлэлд ул суурьтай дүн шинжилгээ хийдэггүй гэж хэлэхэд болно. Үүнийхээ шалтгааныг “Элсэлтийн шалгалтын дүнгээр боловсролын чанарыг үнэлэх боломжгүй. Зорилго нь өөр. Тиймээс онооны нийлбэрээр аймаг, дүүргүүдийг жагсаах нь учир дутагдалтай” хэмээн тайлбарладаг. Тус төвийн захирал Л.Ганбат өчигдөр мөн л үүнийгээ давтаад “Харин ЭЕШ-ын дүнд үндэслэсэн гүйцэтгэлийн буюу чанарын үнэлгээний дүнг ирэх наймдугаар сард танилцуулна” гэв. Тодруулбал, улсын хэмжээнд хамгийн олон сурагч хамрагдсан хичээл тус бүрийн болон нэгдсэн дундаж оноог гаргаж, сургуулиудыг эрэмбэлэхийн зэрэгцээ шалгуулагчид ямар сэдэв, агуулгын даалгавар дээр алдаж, оносныг үнэлэх юм байна. Өөр чиглэлээр дүн шинжилгээ хийхгүй гэнэ. Харин дата өгөгдөл, статистик боловсруулдаг хүмүүс 2023 оны элсэлтийн шалгалтын оноог нэгтгэн, аймгуудыг хэдийн эрэмбэлжээ.
Хэдийгээр төрийн байгууллагынхан үүнийг албан бус мэдээлэл гэж үгүйсгэж буй ч хувь судлаач, шинжээчид жилийн жилд тэдний өмнөөс, сайн дураар ийм “үнэлгээ” хийж, аймгуудыг жагсааж ирсэн билээ. 60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг хойно уралдаант шалгалтад оролцогсдыг ийнхүү эрэмбэлэх нь зүй ёсны хэрэг билээ. Хоёр өөр аргаар мэдээллээ нэгтгэсэн судлаачийн үнэлгээнээс харахад нэг их зөрүүгүй дүн гаргасан байв. Өнөө жилийн ЭЕШ-д Дорнод, Увс, Сүхбаатар, Дархан-Уул, Өвөрхангай, Орхон, Говьсүмбэр аймаг дээгүүр байрт бичигджээ. Эдгээрээс Дорнод, Өвөрхангай, Дархан-Уул аймаг өнгөрсөн жил ч амжилттай “давхиж”. Харин шинээр Увс аймаг нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Орон нутгийнхны ярьж буйгаар тус аймаг боловсон хүчнээ нэмэгдүүлэх, чадварлаг багш нарыг урьж ажиллуулах чиглэлд онцгой ач холбогдол өгсний үр дүн ийнхүү гарсан гэх. Баян ходоодонд Баян-Өлгий, Завхан, Ховд зэрэг баруун бүсийн аймаг Улаанбаатартай зуузай холбон бичигдэв. Баян-Өлгий, Улаанбаатар өнгөрсөн жил ч энэ үзүүлэлтээр сүүл мушгиж байлаа.
ХУУРАМЧ ОНОО
2023 оны ЭЕШ-д 31 874 сурагч хамрагдахаар бүртгүүлснээс 92.6 хувийн ирцтэй байжээ. Төгсөгчид 10 хичээлээр шалгалт өгснөөс хамгийн өндөр ирцтэй нь математик, англи хэл, нийгэм судлал, монгол хэл, физикийн хичээл аж. Тодруулбал, математикаар 21 810, англи хэлээр 19 825, нийгэм судлалаар 18 744, монгол хэлээр 10 530, физикээр 8258 хүүхэд шалгалт өгч, өрсөлджээ. Хачирхалтай нь, хамгийн олон хүүхэд хамрагдсан гэх, гол хичээлд тооцогддог математик, физик, англи хэлний анхны онооны дундаж хамгийн багад тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, төгсөгчид нийтээрээ тааруу оноо авсан гэсэн үг. Элсэлтийн шалгалтын босго 400, дээд оноо нь 800 байдаг. Суралцагчдаас хичээл тус бүрээр 100 онооны шалгалт авдаг бөгөөд түүнийгээ тусгай аргаар дүйцүүлэн хувилж, 200-800 оноонд шилжүүлдэг юм. Анхны онооны дундаж гэдэг бол тухайн жилийн төгсөгчдийн шалгалтын дундаж гэсэн үг.
Үүнд үндэслэн хэмжээст оноо тогтоодог. Математикийн даалгавар гүйцэтгэсэн сурагчдын дундаж оноо 30 гарлаа гэж бодъё. Бодит үнэлгээгээр бол сурагчид 100 онооны даалгавраа 30 хувьтай биелүүлжээ. Харин хувилан тооцсон дүнгээр хэмжээс тогтоохоор энэ нь 500-гаас дээш оноо болчихож байгаа юм. Нийт шалгуулагчдын дундаж нь тааруу учраас дээд онооны босго нь тэр хэрээр намсдаг гэж ойлгож болно. 800 оноо авсан урагч даалгавраа 100 хувь гүйцэтгэсэн гэсэн үг биш. Тухайн хичээлээрээ хамгийн өндөр оноо авсанд нь л ийм үнэлгээ өгч буй. Тэгвэл өнөө жилийн хувьд ихэнх хичээлийн анхны дундаж оноо буурсныг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат хэллээ. Математикийн хичээлийн 100 онооноос ердөө 27, нийгмээр 42 оноо авсан суралцагчдад 500-гаас дээш үнэлгээ өгчээ. Физикээр 31, англи хэлээр 35 авсан суралцагчдыг 499 онооны болзол хангасан гэж өндрөөр үнэлжээ.
Юу ч хийгээгүй хүүхэд 200, тестээ “буудсан” суралцагчид хамгийн багадаа 400 оноо авах боломжтой, бүх төгсөгчийг яаж ийгээд их, дээд сургуульд элсүүлэх бодлоготой энэ “өгөөмөр” системийг өөрчлөхгүй бол боловсролын салбар “сэхээнд орж” болзошгүйг судлаачид анхааруулсаар байна.
“БАРОМЕТР”
Албаны хүмүүс “ЭЕШ бол ерөнхий боловсролын чанарыг үнэлэх үзүүлэлт биш. Нэг л төрлийн статистик” элсэлтийн шалгалтын үр дүнг хаацайлж, эерүүлж буй ч боловсролын салбарт олон жил ажилласан хүмүүс, статистик, тоо баримтад дүн шинжилгээ хийдэг судлаачид үүнийг ерөнхий боловсролын сургалтад дүн тавих чухал “барометр” гэж үзэж байна. Баян-Өлгий аймаг жилийн жилд сүүл мушгидаг нь, Улаанбаатар хот түүнээс дутахгүй муу үзүүлэлттэй байдаг нь, Ховд, Завхан зэрэг баруун бүсийн, алслагдсан аймгийнхан нийлбэр дүнгээр хойгуур орж, төв, зүүн бүсийнхэн дээгүүр байрт бичигддэг нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Энэ нь ерөнхий боловсролын сургалтын чанарыг үнэлэх хамгийн том хэмжүүр яалт ч үгүй мөн.
Үүний цаана тэгш бус гараа, хэл, соёлын ялгаатай байдал, багшийн хомсдол, сургалтын хөтөлбөрийн чанар гээд боловсролын салбарын эмзэг сэдэв болсон олон асуудал бий. Нийслэлийн хувьд гэхэд хотын төв, захын сургуулиудын хэт ялгаатай байдал төгсөгчдийн үзүүлэлтийг доош татах гол шалтгаан болдог.
Хамгийн олон сурагч хамрагдсан долоон хичээл тус бүрээр сургуулиудын дундаж оноог гаргахад “Оюунлаг”, “Сант”, “Шинэ Монгол”, “Олонлог”, “Хобби” зэрэг хувийн, олон улсын хөтөлбөртэй сургууль өнгөрсөн жил хол тасархай тэргүүлсэн. Тэгсэн атлаа нийслэл хамгийн сүүлд бичигдсэн нь ийм учиртай. ЭЕШ-ын дүнд үндэслэн гаргасан жагсаалт, эрэмбийг үл ойшоож, юу ч биш мэтээр ойлгуулах нь боловсролын салбарын бодит байдлыг нуун далдалж байгаагаас ялгаагүй юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл