ШУТИС, МУИС-ийн удирдлага үгэнд нь ороогүй учраас хамаг шилдэг багш нараа хяхаж хавчин, шалтаг гаргаад “хөөчихсөн” гэнэ лээ. Ерөөсөө амар заяаг нь үзүүлэхгүй байсан учраас олонх нь хаалгаа гаднаас нь зөөлөн хаагаад эргэж ирэхгүйгээр явсан гэвэл үнэн илүү нийцэх байх. Тиймээс багшлах боловсон хүчингүйдэж, арга ядахдаа шинэхэн төгсөгчдийг ямар нэг цензур шалгуургүйгээр авч багшлуулж буй гэх. Улстөрийн намаас томилсон дарга нарын хийсэн увиагүй үйлдлийн горыг нь ийн оюутнууд амсаад эхэлсэн.
Энэ өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж буй. Эхнээсээ 800 оноо авсан сурагчид МУИС, ШУТИС-ийг сонгон суралцахаар догдолж суугаа нь лавтай. Харамсалтай нь, улсын шилдэг гэсэн дээрх сургуулиудад авлига, хээл хахууль цэцэглэчихсэн. Тиймээс, чи 800 оноо авсан ч дээрх сургуулийн зарим нэг шалгуурт тэнцэхгүй байх магадлалтай. Чиний оронд мөнгөтэй төгрөгтэй, арга зальтай, хууль цаазгүй нэгний хүүхэд энэ сургуулийн босгыг алхах магадлал өндөр.
Нөгөө талаар Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын чанар муу байгааг элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээс бэлхнээ харж болно.
Энэ жил 34 432 шалгуулагч бүртгүүлсэн. Эдгээр шалгуулагчаас 158 нь хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноо авчээ. Хотын өндөр төлбөртэй сургуулийн сурагчдаас цөөн нь 800 оноо авсныг эс тооцвол хөдөөд сурдаг хүүхдүүд дээрх 158-ийн дийлэнхийг эзэлж буй.
Үүнээс үүдэн аймгуудын удирдлага “Эрэлхэг бор манайх” гэдэг шиг 800 оноо авсан тэр тэр сурагч манайх, баяр хүргэе гэхчлэн ам уралдан хүүхдүүдийн гавьяа шагналыг өөрсдөдөө наах гэж хичээж буй. Харин эцэг эх, багш, судлаачдын байр суурь өөр. Тэд Монголд боловсролын салбар шалдаа унасан, чанаргүй болсныг ил цагаан шүүмжилж, зарим хэвлэлд мэдээлэлд ярилцлага өгчихсөн харагдана лээ.
Үүнтэй зэрэгцээд өнөөдөр Боловсролын зээлийн сантай асуудлаар эцэг, эхүүд АТГ-ын гадна мэдээлэл хийв. Дэлхийн шилдэг 50 их сургуульд тэнцсэн сурагчдын нэрсийг өнөөдрийг хүртэл зарлахгүй байгаа учраас тэд ийн бухимдсан гэнэ. Мөн Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудал ч бий гэсэн.
Тухайлбал, сурагч Б.Энхжин “Дэлхийд топ 18-д ордог Торонтогийн их сургуульд би тэнцсэн. Дөрвөн жилийн нийт 112 000 канад долларын тэтгэлэг. Жилдээ 28 000 доллар буюу 50 хувиа авсан гэсэн үг. Эцэг, эхчүүдийн тавьж буй гол асуудал нь Боловсролын зээлийн сангаас зээл авах журамтай холбоотой. Тус журамд дэлхийн топ сургуульд тэнцэж, 50 буюу түүнээс дээш тэтгэлэг авсан байх ёстой гэж заасан. Гэтэл гадаадын топ сургуулиудаас тэтгэлэг авсан хүүхэд бараг байгаагүй гэх асуудал бий. Үүнийг шалгаж өгөх хүсэлтийг найман оюутны эцэг, эхийн төлөөлөл АТГ-т гаргаж байна” хэмээсэн юм.
Түүнчлэн эцэг, эхүүд Засгийн газрын хуралдааны 25 дугаар тэмдэглэл гэж бий. Өнгөрсөн оны есдүгээр сарын 14-нд баталсан 346 дугаар тогтоолд Боловсролын зээлийн сангаас зээл авах тодорхой шалгуур, үзүүлэлтийг тусгасан. Гэвч Боловсролын зээлийн сангийн Ажлын хэсгийнхэн энэхүү ажлыг завхруулж, хууль журмаа огт мөрдөхгүй байгааг тэд онцолсон. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүдийг бухимдуулж буй хамгийн гол асуудал бол Засгийн газраас холбогдох хууль, журмаа албан тушаалтнууд мөрдөхгүй байгаа явдал аж.
Боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам гэж бий.
Тус журмын 2.1.17-д Боловсролын зээлийн сангаас зээл авах суурь шалгуур, үзүүлэлтийг тусгасан байдаг. Тодруулбал, энэ жилийн жагсаалтаар дэлхийн топ 50 сургуульд тэнцсэн байх, их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагч нь энэхүү гадаадын зээлд хамрагдана гэж заажээ. Гэтэл дээрх заалтуудыг Боловсролын зээлийн сангийн ажлын хэсгийнхэн огт мөрдөөгүй гэнэ. БШУЯ Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг сонгон шалгаруулахдаа дараах мэдэгдлийг хийж байв. Тодруулбал, “Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналтын баг ажиллаж байна. Хяналтын багийн дүгнэлт гарсны дараа буюу 2023 оны зургадугаар сарын 12-ны даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах болно” хэмээж байсан ч амлалтадаа хүрээгүй билээ.
Боловсролын салбар дампуурсны бас нэгэн жишээ нь үе үеийн Боловсрол шинжлэх ухааны сайд нар өөрийн үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа гадаад улсын тэтгэлэг хийгээд Боловсролын зээлийн сангийн квотыг авч өгсөн явдал юм. Өнөө боловсролын салбарыг удирдаж буй Л.Энх-Амгалангаас авхуулаад өмнөх Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Ц.Цогзолмаа гээд бүгд эл сан руу гар хуруугаа дүрсэн.
Боловсролын салбар “амь тавьж” буйн өөр нэг жишээ нь Боловсролын багц хуулийн төсөл юм. Нүүрэн дээр Боловсролын хуулийг багцаар нь өөрчлөхөөр энэ парламент ажиллаж байна гэх авч нидэр дээрээ эл хуулийг хийтэй батлахаар цөөнгүй гишүүн яарч буй. Тэр дундаа ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд эл төслөөс нэрээ татах хуулийн заалттай атал Н.Учралаас авхуулаад нэр бүхий гишүүд хуулийн төсөлд хамгийн их саналаа хэлж, оролцож, улайран дайрч буй билээ.