Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсныг Сангийн яамнаас мэдээлэв. Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан дараах үндсэн агуулгын хүрээнд тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталжээ. Үүнд нэгдүгээрт, технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулж, тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч, тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгааг 70 хувьд хүргэхээр тусгажээ. Хоёрдугаарт, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод, байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөл бүрдүүлсэн гэнэ. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, үүнд оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломж олгох аж. Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгажээ.
Гуравт, худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэлх үе шатыг цахим системээр зохион байгуулах нь. Одоогийн хуульд мөрдөж буй тендер шалгаруулалтын журам, аргыг цахим системд суурилсан тендер шалгаруулалтын арга байхаар шинэчлэн боловсруулжээ. Нээлттэй, харьцуулалт, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах, ерөнхий гэрээ гэсэн үндсэн таван аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах аж. Дөрөвдүгээрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан эх оронч худалдан авалтыг дэмжих зорилтын хүрээнд дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, одоогийн хуулийн сайн зохицуулалтуудыг бүрэн хадгалж давуу эрхийн зөрүү тооцох аргачлалыг боловсронгуй болгосон байна. Мөн дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй ба зөвхөн Монголын бараа үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөнө гэв. Тавдугаарт, худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан аж. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор захиалагч тендерийн баримт бичиг боловсруулах болон тендерийг үнэлэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулах, хууль бус шийдвэр гаргасан захиалагч, үнэлгээний хороонд зайлшгүй хариуцлага хүлээлгэх, хариуцлагатай, чадвартай компанийг дэмжихийн тулд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулж үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллээр бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлэх нь.
Бэлтгэсэн: Ц.Ундрал