Манай улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний таван сарын голлох үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр есөн их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.5, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөгт хүрч 43.2 хувиар өсжээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1-5 дугаар сард 7.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наядын ашигтай гарсан байна. Түүнчлэн дээрх хугацаанд татварын орлого урьдчилсан гүйцэтгэлээр 8.1 их наяд төгрөгт хүрч, 2022 оны эхний таван сарынхаас 44 хувиар ахижээ. Үүнд орлогын албан татвар жилд 74.3, нэмэгдсэн өртгийнх 21.6, нийгмийн даатгалынх 28.7 өссөн нь түлхүү нөлөөлсөн аж. Түүнчлэн нийт гадаад өр дээрх хугацаанд 33.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 330.7, өмнөх улирлаас 23.1 сая ам.доллароор буурсан байв. Харин аж үйлдвэрийн салбарын индекс тайлант хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 211.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтөд нүүрс олборлолтын зардал 16.1, металлын хүдэр олборлолтынх 11.3, бусад ашигт малтмалынх 11 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн гэнэ.